
Өглөөний салхи аль зүгээс үлээж байна, тэнгэрийн өнгө ямар байна, чийг хэрхэн буусан байна. Үүнийг мэдэрч байж л шийдвэр гаргадаг хүмүүс бий. Тэдний нэг нь Завхан аймгийн Улиастай сумаас Үндэсний сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ирсэн 14 настай А.Номин-Эрдэнэ юм.
Тэрбээр дөрвөн жилийн өмнө аавыгаа сур харваж байхыг хараад “Харвах ер нь гоё юм байна” гэж боджээ. Тэр өдрөөс хойш аав нь түүний багш болсон байна.
Дөрвөн жилийн хугацаанд тэр тэвчээр, төвлөрөл, өв соёлын үнэ цэнэ, байгаль дэлхийгээ мэдэрч сурах ухааныг эзэмшжээ.
Түүний хөдөлмөр ч үр дүнгээ өгсөн. 2022 оны Үндэсний сур харвааны улсын аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн ангилалд түрүүлж, мөн Завхан аймгийн 100 жилийн ойн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бол энэ жил аймгийн аваргадаа дэд байрт шалгарсан юм.
Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн түүнд онцгой байлаа. Учир нь тэр анх удаа улсын төв зурхайд харваж байгаа нь энэ.
“Өмнө нь Улаанбаатарт ирж тэмцээнд орж байгаагүй. Олон хүн харж байхад харвахад сэтгэлзүйгээ удирдах хамгийн хэцүү байсан.” хэмээн тэр инээмсэглэн ярив.
Сүүлийн жилүүдэд өсвөр насныхан сур харваагаар олноор хичээллэх болсон. Гэхдээ энэ спортын ард хүмүүсийн тэр бүр мэддэггүй олон зүйл бий.
“Эмэгтэй хүүхэд бол өдөржин халуун наранд харвах ээлжээ хүлээнэ. Борлож гандана. Өлсөнө, цангана, даарна. Тийм үе их гардаг.”
Түүний хэлснээр хүмүүс “Яагаад ингэж харлачихсан юм бэ?” гэж их асуудаг ч сур харваж үзээгүй болохоор тэр бүхнийг ойлгоход амаргүй байдаг аж.
Хэдэн цагийн турш нар, салхи хоёртой хамт зогсож, зөвхөн нэг сумаа төгс тавихын төлөө төвлөрнө гэдэг тэвчээр шаардсан ажил.
Үндэсний сур харваач бүрийн эд хэрэглэл өөрийн гэсэн түүхтэй. А.Номин-Эрдэнийн өмсдөг бор дээл хүртэл түүнд онцгой үнэ цэнтэй.
“Энэ дээл ээжийнх. Анх өмсөхөд надад их том байсан. Харин одоо яг таардаг болсон. Тэмцээндээ энэ дээлээ өмсөх дуртай.”
Түүний агсуурга ч мөн адил. Аавтайгаа хамт нэхмэлийн бүдэг ягаан өнгийн утсаар урлаж байсан анхны агсуургаа өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа аж.
“Хүмүүс “Энэ агсуургаа угаагаач” гэдэг. Би угаадаггүй. Тэмцээнд орохын өмнө усанд ордоггүй гэдэг шиг бэлтгэл сургуулилтын минь бүх хөдөлмөр, энерги нь шингэсэн юм шиг санагддаг болохоор.”
Агсуурганд нь сум, эрхийвч, салхины утас зэрэг хэрэгтэй бүх зүйл бий. Салхины утасны хөдөлгөөнөөр харваачид салхины чиглэл, хүчийг мэдэрч сумаа хэрхэн тавихаа шийддэг.
Одоо тэр сургалтын нумаар харваж байгаа. Харин 15 нас хүрэхэд эвэр нуманд шилжинэ. Тиймээс энэ жил сургалтын нумаар харвах сүүлчийн жил нь болж буй.
- Эвэр нум нь байгалийн цэвэр түүхий эдээр бүтдэг учир цаг агаарыг дагаж байнга өөрчлөгдөнө.
- Халуун өдөр зөөлөрнө. Бороо, чийгтэй үед чангарна. Өвлийн хэт хүйтэнд тасрах эрсдэлтэй. Харин хөвчийг нь салгахад өөрөө урагшаа эргэн цагариглан “С” хэлбэртэй болдог.
- Тиймээс харваачид өглөө бүр тэнгэрийн өнгө, салхи, чийгийг ажиглаж байж нумаа тааруулдаг.
“Салхи мэдэрч, тэнгэр ажиж байж харвадаг.”
Харваачид нум, сумаа өөрөөсөө илүү хүндэлдэг. “Уурга дээр харайдаггүй гэдэг шиг нумаа газар тавьдаггүй. Хоймортоо тавьдаг, манай уламжлал тийм.”
Тэмцээний үеэр аав нь завгүй байвал ээж нь бүтэн өдөр хамт байж охиноо дэмждэг.
“Ээж намайг өдөржин халуун наранд, хүйтэн салхинд хүлээгээд сууж байдаг. Намайг гр бүл, найзууд, багш нар гээд олон хүн дэмждэг. Тэр хүмүүсийн итгэлийг алдчих вий гэж их боддог.”
“Сур харваа бол биеийн болон оюуны спорт”


Тэмцээний өмнө юу идэх хүртэл нарийн тооцоотой.
“Хэт их идвэл нумаа даахгүй болчихдог. Хэт өлсвөл биеэ даахгүй. Тийм болохоор бага багаар, яг тааруулж идэх хэрэгтэй.”
Харвах мөчид “Байранд орж чадах болов уу” гэсэн бодол толгойноос салдаггүй. Өөрөө бүх чадлаараа харвасан хэр нь бусдын алдаанаас болж оноо алдах үе хамгийн хэцүү санагддаг гэв.
Тиймээс сур харваа зөвхөн гарын хүчний спорт биш. Сэтгэлзүй, төвлөрөл, тэвчээр, оюуны өндөр бэлтгэл шаарддаг спорт юм.
Байт харваагаар хичээллэж олон улсын тамирчин болох мөрөөдөлтэй
Тэрбээр ихэр заяанд төрсөн түүний ихрийг А.Нандин-Эрдэнэ гэдэг А.Номин-Эрдэнэ түүнийг тодорхойлохдоо
“Хүмүүс манай ихрийг надаас намхан гэдэг. Харин миний хувьд ихэртэй байна гэдэг хамгийн сайн ар талтай байна гэсэн үг.”
Тэр сур харваагаар зогсохгүй байт харваагаар ч хичээллэхийг хүсдэг. Илүү өргөн хүрээтэй, олон улсын тэмцээнд оролцох боломжтой нь түүнд таалагддаг аж.
“Цаашдаа байт харваагаар хичээллээд олон улсын тэмцээнд оролцоно гэж мөрөөддөг.” Харин сур харваагаа орхино гэсэн бодол түүнд байдаггүй.
“Хүүхэдтэй болсон ч хүүхдээрээ сур харвуулна.” хэмээн инээмсэглэн хэлж байсан юм.
Түүний хувьд сур харваа бол амьдралынх нь нэг хэсэг болжээ.
“Монголын өв уламжлалыг хүүхдүүд бид л авч явж, түгээн дэлгэрүүлэхгүй бол өөр хэн түгээх юм бэ?” гэж байв.
Хүүхдийн мөрөөдөл заримдаа энгийн байдаг. Харин А.Номин-Эрдэнийн мөрөөдөл салхины чигийг мэдэрч, тэнгэрийн өнгийг ажиглан байж өв соёлоо ирээдүйд өвлүүлэхэд оршиж байна. Магадгүй хэдэн жилийн дараа улсын зурхайгаас дэлхийн тавцанд харвах тэр мөчид ч энэ өдрийнх шигээ салхиа мэдэрч, тэнгэрээ ажсаар зогсох биз.
Видео үзэх холбоос:













