
Сүү ХК-ийн хэрэгжүүлсэн “Таргийн баяр-2026” урамшуулалт хөтөлбөрийн супер азтан тодорч, Үндэсний их баяр наадмын өмнөхөн нэг өрөө байрны түлхүүрээ гардан авлаа. Ингэснээр Сүү ХК хэрэглэгчдээ олон төрөлт бэлгээр урамшуулж, гурав дахь гэр бүлээ байртай болгосон нь баяр наадмын урьтсан баярт үйл явдал боллоо.

Үндэсний ууган үйлдвэр Сүү ХК нь хэрэглэгчдийнхээ хэрэглээг урамшуулах зорилгоор жил бүр “Байртай сүү”, “Таргийн баяр”, “Иштэй азтан” зэрэг томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд “Байртай сүү” нэг болон хоёр дахь хөтөлбөрөөр хоёр байрыг гардуулаад байсан бол энэ удаагийн “Таргийн баяр” хөтөлбөр нь эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хэрэглэгчдэд бодит үнэ цэн бүхий гурав дахь байрыг олгож буйгаараа онцлог юм.


Гурван сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү хөтөлбөрт Улаанбаатар хот болон 21 аймгийн хэрэглэгчид идэвхтэй оролцож, нийт 120 мянга гаруй хүн бүртгүүлсэн билээ. Эдгээр хэрэглэгчдээс iPhone 17 Pro Max гар утас, iPad, Хайнань арал руу аялах эрхийн бичиг, Samsung брэндийн ухаалаг зурагт болон олон төрлийн эрхийн бичгийн эзэд нийт дөрвөн тохиролд оролцон тодорсон бөгөөд сүүлийн буюу долдугаар сарын 1-ний тохирлоор Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Билгүүн зургаан ширхэг Шимт брэндийн нэг литрийн тараг худалдан авч хэрэглэснээр нэг өрөө байртай боллоо.









