
Өмнөд Солонгосын технологийн аварга Samsung Electronics хиймэл оюун ухаанд зориулсан санах ойн чипийн дэлхийн эрэлт огцом өссөнтэй холбоотойгоор энэ оны хоёрдугаар улирлын ашиг нь өмнөх оны мөн үеэс 19 дахин өснө гэж таамаглаж байгаагаа мэдэгдлээ.
Тус компани дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд ойролцоогоор 89 их наяд вон буюу ойролцоогоор 58 тэрбум ам.доллар хэмжээний үйл ажиллагааны ашиг олсон гэж урьдчилсан байдлаар тооцоолжээ. Энэ нь ьус компани дараалан гурав дахь удаагийн дээд амжилт тогтоосон улирлын ашиг болох юм.
Өмнөд Солонгосын томоохон компаниуд хөрөнгө оруулагчдад чиглэл өгөх зорилгоор санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаа нийтлэхээс өмнө урьдчилсан орлогын төсөөллөө танилцуулдаг уламжлалтай. Samsung мягмар гарагт нийт үр дүнгээ танилцуулахаас өмнө гаргасан энэхүү урьдчилсан тайландаа улирлын борлуулалт нь 171 их наяд вон хүрсэн гэж дурджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин их үзүүлэлт юм. Сүүлийн саруудад хиймэл оюун ухааны хөгжлийг дагасан хагас дамжуулагчийн эрэлт нийлүүлэлтээсээ давж, чипийн үнэ өсөхөд хүрсэн нь ашиг өсөхөд голлон нөлөөлжээ.

Зах зээлийн судалгааны “Counterpoint” судалгааны компанийн шинжээч Марк Эйнштейний хэлснээр, энэ нь түүхэн дэх хамгийн сайн улирлын гүйцэтгэлүүдийн нэг бөгөөд энэ оны эхээр Nvidia-гийн тогтоосон технологийн салбарын дээд амжилттай ойролцоо үзүүлэлт болсон байна. Тэрбээр “Энэ бүхний гол шалтгаан нь хиймэл оюун ухааны өсөлт юм. Санах ойн чип үйлдвэрлэгчид хязгаарлагдмал нийлүүлэлт, урьд өмнө байгаагүй өндөр эрэлтийн ачаар ашиг орлогоо эрчимтэй өсгөж байна” гэж онцолжээ.
Нийлүүлэлт хомс хэвээр байгаа тул Samsung санах ойн чипийн үнээ нэмэгдүүлсэн байна. Samsung нь дэлхийн хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд Nvidia, Google зэрэг компаниудад чип нийлүүлэхийн зэрэгцээ өөрийн төрөл бүрийн электрон төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг.Гэсэн хэдий ч урьдчилсан тайлан гарсны дараа Samsung-ийн хувьцааны үнэ Сөүлийн хөрөнгийн бирж дээр ойролцоогоор 4 хувиар буурсан байна.
Харин энэ оны эхнээс хойш зах зээлийн үнэлгээ хоёр дахин өссөн бол түүний өрсөлдөгч “SK Hynix”-ийн үнэлгээ 200 гаруй хувиар өсжээ. Эдгээр хоёр компанийн хүчтэй өсөлт нь Өмнөд Солонгосын гол хувьцааны индекс болох KOSPI-ийг энэ онд 80 гаруй хувиар өсгөхөд чухал нөлөө үзүүлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард Nvidia мөн түүхэн дээд амжилт тогтоож, нэгдүгээр сараас гуравдугаар сарын хоорондох улиралд орлого нь 80 тэрбум ам.долларыг давсан юм. Гэвч тухайн үед Nvidia-ийн хувьцааны үнэ буурсан бөгөөд шинжээчид үүнийг зах зээлд өрсөлдөөн ширүүсэх вий гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой холбон тайлбарлажээ.
Мөн өнгөрсөн зургаадугаар сард Өмнөд Солонгосын Засгийн газар Samsung болон SK Hynix тэргүүтэй төслүүдэд түшиглэн ойрын жилүүдэд чип үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор 880 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөг танилцуулсан байна. Үүний зэрэгцээ Азийн бусад улс орнууд ч өсөн нэмэгдэж буй дэлхийн эрэлтийг хангахын тулд чипийн үйлдвэрүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна.
Эх сурвалж: BBC









