
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол олгосон билээ.
Түүний шавь Монгол Улсын аварга О.Хангай “Багш маань 2005 оноос барилдахынхаа хажуугаар олон сайхан шавь бэлдэж эхэлсэн. Олон сайхан залуучуудад амьдралын замыг нь нээж, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа, үндэсний бөхийн аварга шавь төрүүлсэн цөөхөн багшийн нэг” гэсэн юм. Тэгвэл улсын заан Ц.Мягмарсүрэн гэж хэн бэ.
-Тэрбээр 1973 оны нэгдүгээр сарын 13-нд Ховд аймгийн Мөст суманд мэндэлсэн бөгөөд “Ховд” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх.
– 1991 онд Сумын заан цолын хүртсэн. Түүнээс таван жилийн дараа 1996 оны зун Аймгийн заан болжээ. Улмаар 1997 оны Бүх цэргийн баяр наадамд Аймгийн заан Д.Энхтөрөөр долоо даван түрүүлж, Цэргийн арслан цол хүртжээ.
-Түүнчлэн, 1998 оны Улсын баяр наадмаар гурвын даваанд Улсын заан Д.Мягмар, дөрвийн даваанд Улсын заан Ч.Бямбадорж, тавын даваанд олноо “Инээдэг” хэмээн алдаршсан Улсын гарьд П.Сүхбатаар давж Улсын начин цолны болзол хангаж, зургаагийн даваанд Улсын заан Б.Гантогтохоор зургаа давж байжээ. Мөн 2002, 2003 онд цолоо баталсан байна. Гэвч тухайн үед нь Улсын харцага цол байгаагүй аж.
– Ерөнхийлөгчийн зарлигаар 2003 онд Улсын харцага цолыг санаачилсан бөгөөд 2004 онд тэрбээр Улсын харцага цолыг нөхөн авч байжээ. Үүгээр зогсохгүй 2004 онд зургаа давж Улсын харцага цолоо баталжээ.
-Тэрбээр 2005 оны Улсын баяр наадамд тэр давахгүй байсан зааны даваагаа давжээ. Ингэхдээ тавын даваанд Улсын начин Б.Адъяахүүг, зургаагийн даваанд Улсын заан, одоогийн Улсын арслан Б.Ганбатыг, долоогийн даваанд Далай аварга, одоогийн Дархан аварга А.Сүхбатыг хаяжээ.
-Улсын заан Ц.Мягмарсүрэн сайн бөх байсан төдийгүй олон ч улсын цолтныг бэлтгэсэн чадварлаг багш юм. Тухайлбал, түүний шавь нар дунд Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой олон бөх бий.
Тэрбээр Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртэхдээ ч “Бөхийн улсын аварга, заан, харцага гээд олон сайхан шавь нар бэлдсэний буян хишигт Гавьяат дасгалжуулагч болсондоо баяртай байна” хэмээсэн юм.
Г.Хэрлэн









