
Индонезийн Аче мужид өнгөрсөн 2-р сард TikTok платформ дээр хийсэн livestream-ийнхээ үеэр хоорондоо үнсэлцсэн 22 настай эрэгтэй, 25 настай эмэгтэйд Шариатын шүүхээс албан ёсоор гэр бүл болоогүй хэр нь хоорондоо үнсэлцэж Шариатын хуулийг зөрчсөн гэж үзэн олон нийтийн өмнө тус бүр 21 удаа саваадах шийтгэл ноогдуулжээ. Түүнээс гадна тэдний гар утас, TikTok-ийн бичлэг, livestream-уудаа хадгалсан USB картыг хууль сахиулагчид хураан авч, устгажээ.
Аче муж нь Шариатын хуулийг хатуу дагаж мөрддөг Индонезийн цорын ганц муж бөгөөд 2015 онд тус мужийн удирдлагууд Шариатын хуулийг тус мужийн бүх оршин суугчид шашин шүтлэгээсээ үл хамааран дагах ёстой тухай журам гаргаж байжээ.
Шариатын хуулиар гэр бүлээс гадуур харилцаанд орсон, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орсон, мөрийтэй тоглоом тоглосон, архи согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд мөн бариу хувцас өмссөн эмэгтэй, баасан гарагийн мөргөлийг алгассан эрчүүдэд 100 хүртэл удаа саваадах шийтгэл оногдуулахыг зөвшөөрдөг аж.
ЭХ СУРВАЛЖ:The Guardian









