
АНУ-ын Нью-Йорк хотын бэлгэ тэмдэг болсон “Empire State” барилгын оройд хууль бусаар авирч, гэрлэх санал тавьж буй үзүүлбэр хийсэн ОХУ-ын хоёр иргэн олон зүйл ангиар яллагдагчаар татагджээ.
33 настай Анжела Николау, 32 настай Иван Кузнецов нарыг лхагва гарагт баривчилж, пүрэв гарагт Нью-Йорк хотын эрүүгийн шүүхэд авчирсан байна. Тэдэнд
- хулгайн зорилгоор хууль бусаар нэвтрэх,
- бусдын амь нас, аюулгүй байдалд санаатайгаар эрсдэл учруулах,
- эд хөрөнгө сүйтгэн хууль бусаар нэвтрэх,
- эд хөрөнгөд зөвшөөрөлгүй халдах,
- олон нийтийн хэв журмыг алдагдуулах,
- гэмт хэрэг үйлдэхэд ашиглах багаж хэрэгсэл авч явсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгажээ.
Хосууд уг цамхгийн хамгийн өндөр хэсэгт гарч, хар өнгийн хувцас өмсөн үнсэлцэж, энх тайвныг уриалсан утга бүхий хар туг дэлгэсэн байна. Энэ үеэр тэд гэрлэх санал тавьж буй мэт үзүүлбэр үзүүлжээ.
Николау, Кузнецов нар нь Нью-Жерси мужид амьдардаг ОХУ-ын иргэд бөгөөд дэлхийн өндөр барилга, байгууламжуудад хууль бусаар авирч зураг, дүрс бичлэгээ нийтэлдгээрээ алдартай. Кузнецовын Instagram дахь @beerkus хаяг 500 мянга, Николаугийн хувийн хаяг 1.8 сая дагагчтай. Тэд өмнө нь БНХАУ болон АНУ-ын Калифорни муж дахь өндөр барилгууд дээр авирсан бичлэг, гэрэл зургаараа мөн олны анхаарлыг татаж байжээ.
Мөрдөн шалгах байгууллага хосууд 443 метр өндөр оргил хэсэгт хэрхэн хүрснийг тогтоохоор ажиллаж байна. Үйл явцыг Нью-Йоркийн цагдаагийн газар болон нисдэг тэрэгнээс хянаж байсан бөгөөд эцэст нь өндөрлөг газарт аврах ажиллагаа явуулах чиглэлээр мэргэшсэн Онцгой албаны нэгжийн алба хаагчид тэднийг баривчилжээ.
Эх сурвалж: The Guardian









