
Өнгөрсөн мягмар гарагт болсон Оюу толгойн хэлэлцээрийн үр дүн, талуудын тохиролцоо болон цаашид хэрэгжүүлэхээр болсон шийдвэрүүдийг Ерөнхий сайд Н.Учрал олон нийтэд танилцуулсан. Хэлэлцээрийн хүрээнд Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах асуудалд төвлөрсөн ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахалж ажилласан бөгөөд Рио Тинто группийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Доминик Бартон, Рио Тинто Монгол компанийн Монголыг хариуцсан Ерөнхий захирал Б.Дуламсүрэн нарын төлөөлөл хэлэлцээрт оролцсон юм.
Үүний дараа Сангийн сайд З.Мэндсайхан Тэнгэр телевизийн “Өнөөдрийн сэдэв” нэвтрүүлэгт оролцож, хэлэлцээрийн явц, хүрсэн үр дүн болон Монгол Улсын талын байр суурийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгсөн. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Оюу толгойн хэлэлцээрийн шатанд 10.4 хувийн хүүг буулгаж 7.9 хувь болгосон нь төслөөс цааш төлөх хувь нийлүүлэгчид болон банкнууд төлөх хүүнээс 6.2 тэрбум доллар буюу 22 их наяд төгрөг хэмнэж байгаа.
- Рио Тинтотой Оюу толгой төсөл дээр авсан зээлийн бүтцийг эргэж харж, өөрчлөлт оруулж, тэргүүн ээлжийн зээлүүд буюу 14 банкны зээлийг дахин санхүүжүүлж, бага хүүтэй болгоё гэсэн тохиролцоонд хүрсэн.
- Оюу толгойн хэлэлцээрээр 8.4 орчим тэрбум долларын хэмнэлт гаргаж байгаа, зээлийн хүү буулгасан хэмнэлтийн монголын талд ирэх өгөөж 8.7 их наядаар өсөж байна.
- Оюу толгойн хэлэлцээрийг хийгээгүй байсан бол ногдол ашгийг 2039 онд авах байсан. Харин хэлэлцээрийн үр дүнд 2026 оны намар ноогдол ашиг авахаар болсон, хэдийг авах вэ гэдгийг хоёр талаасаа тохирно.
- Төсөл эхлээд 17 жил өнгөрсөн, энэ хугацаанд далд уурхайн бүтээн байгуулалт 99.8 хувьд ирсэн, Оюу толгойн бүтээн байгуулалтын шат дууссан. Үндсэн далд уурхайгаасаа олборлоод эхэлсэн учраас мөнгөн урсгал нь эерэг болсон.
- Монгол Улсын Засгийн газар болон миний ахалсан ажлын хэсгийн ард Рио Тинтогоос өмнө ямар нэгэн үүрэг аваагүй, хөшигний ард ямар ч нууц зүйл байхгүй, шийдэгдсэн асуудлыг би нээлттэй ярьж байна.









