
Марш тактикийн тэмцээний үеэр дайруулсан цэргийн алба хаагчдын талаар ЗХЖШ-аас мэдээлэл өглөө.
Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутагт өнгөрсөн зургаадугаар сарын 09-нд Таван толгойн цэргийн ангид болсон гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр ашиглаж байсан “Toyota Harrier” маркийн тээврийн хэрэгслээр хугацаат цэргийн хоёр алба хаагчийг дайрсан гэх хэрэгт тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Тэгвэл уг үзүүлэх тоглолтын үеэр болсон осол, хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн асуудлаар ЗХЖШ-ын байрлалд өнөөдөр мэдээлэл өгөв.
Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас:
-“Марш тактикийн тэмцээн Төрийн цэргийн байгууллагуудын дунд 2007 оноос хойш зохион байгуулж ирсэн арга хэмжээ. Энэ тэмцээнд Зэвсэгт Хүчний Төрийн цэргийн байгууллагуудын шилдэг баг тамирчид оролцдог ийм тэмцээн юм.
Үүнд оролцож байхдаа Зэвсэгт Хүчний ….дугаар ангийн 2 байлдагч харамсалтайгаар гэмтсэн. Тухайн үед нь эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж чадсанаар өнөөдрийн байдлаар 1 байлдагч жагсаалдаа орсон. Нэг байлдагч хүнд гэмтэл авсан учраас эмнэлэгт шат шатны эмчилгээ хийлгээд биеийн байдал харьцангуй сайжирч байгаа. Цэргийн жагсаалдаа орсон байлдагч өөрөө цэргийн хүн болоё гээд ЭШ өгөхөөр Батлан хамгаалахын их сургуульд элсэхээр хүсэлтээ өгсөн.
Хүнд гэмтэл авсан байлдагчийн тухайд бүрэн эдгээд, эрүүлжээд ирсний дараа эмчийн хяналтад тогтмол орох байх. Мөн тухайн цэргийн эрүүл мэндийн тэтгэмжийн асуудал яригдах болов уу.
Зэвсэгт хүчний салбарт ойр ойрхон ийм асуудлууд гарлаа. Бид цаашдаа дахин ийм асуудлууд гаргахгүйн төлөө хичээж ажиллах болно.” гэв.

Цэргийн Төв эмнэлгийн гэмтэл, эмнэлзүйн төвийн захирал, Дэд хурандаа н.Нямдорж: “Марш тактикийн тэмцээний үеэр хүнд гэмтэл авсан байлдагчид яаралтай мэс засал эмчилгээ хийх заалттайгаар шуурхай арга хэмжээ авсан. Уг байлдагч хэвлийн хөндийн битүү гэмтэл авсан учраас мэс засал амжилттай хийгдсэн. Түүний элэгний 7, 8-р сегментүүдэд элэгний эд няцарсан байсан. Цус тогтоох, яаралтай арга хэмжээ авах эмнэлгийн тусламж, эмчилгээний ажлууд хийгдсэн. Одоо байлдагчийн амин үзүүлэлтүүд тогтсон, биеийн байдал тогтворжсон.
Элэг өөрөө нөхөн төлждөг эрхтэн учраас эдгэрэх процесс нь үе, үе шатаар явна. Элгийг тайраагүй, элэгний эд няцарсан учраас тэрэнд мэс засал хийсэн. Залуу хүүхэд эдгэрнэ, элэгний эд эс төлжинө.
Харин нөгөө байлдагчийн хувьд зөөлөн эдийн доргилт байсан учраас, тэр байлдагч эмчилгээ аваад, цэргийн албандаа буцаад орсон” гэлээ.
Марш тактикийн тэмцээн нь Зэвсэгт хүчний жанжин штабын салбарынхны дунд зохион байгуулдаг учраас сурсан, мэдсэнээ харуулах, ур чадвараа шалгуулах дотоодын “Цэргийн олимп” хэмээн яригддаг. Уг тэмцээн уралдааныг 1936 оноос эхлэн Зэвсэгт хүчний жанжин штабын салбарынхны дунд зохион байгуулж эхэлжээ. Харин Төрийн цэргийн байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулдаг марш тактикийн тэмцээн 2007 оноос эхлэлтэй аж.









