
ОХУ-ын засгийн газар шатахууны хомсдолтой тэмцэх үүднээс 2013 оноос ОХУ-ын нутаг дэвсгэр дээр худалдаалахыг хориглоод байсан Евро-2 стандартын бензинийг 2027 оны 7-р сар хүртэл үйлдвэрлэж, импортолж, худалдаалахыг зөвшөөрөхөөр төлөвлөсөн талаар “Коммерсант” мэдээлжээ.
NEFT Research компанийн харилцаа холбоо хариуцсан захирал Дмитрий Прокофьевын хэлснээр бензиний төрлүүд хүхрийн агууламж болон үйлдвэрлэсэн технологиороо ялгаатай байдаг ба Евро-2 стандартын бензинийг үйлдвэрлэхэд гүн боловсруулаагүй нафта, хялбаржуулсан, хүч чадал багатай тоног төхөөрөмж ашигладаг учир тус бензин нь хүхрийн агууламж өндөр, шатах явцдаа их хэмжээний утаа, хорт бодис ялгаруулдаг сул талтай аж.
Евро-2 стандартын бензиний борлуулалтыг зөвшөөрснөөр ОХУ сард олон мянган тонн шатахуун үйлдвэрлэж, гаргах боломжтой болох аж.
Гэсэн хэдий ч уг шийдвэр нь Украины Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлсэн цохилтуудаас болж үүссэн шатахуун түлшний хомсдолыг бүрэн нөхөх хэмжээнд хүрэхгүй аж. Түүнээс гадна мэргэжилтнүүд Евро-2 бензин орчин үеийн автомашинуудад ашиглахад тохиромжгүй гэдгийг онцолж байна.
2025 оны намар ОХУ-ын засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дотоодын зах зээлд Евро-3 стандартын бензин, түлш гаргахыг зөвшөөрч байсан юм.
Коммерсантъ









