
Өнөөдөр \2026.06.29\ Налайх дүүрэгт шинэ дулааны станц барих барилгын суурь тавих ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, болон Налайх дүүргийн Засаг дарга, дүүргийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Налайх дүүрэгт Улсын төсвийн 53.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ дулааны станц барина. Дулааны станц нь Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бөгөөд 79 МВт-ын хүчин чадалтай, 7,900 өрх, 13,000-19,000 айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангана.
Төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд нийт 256 МВТ-ын хүчин чадалтай, 1.4км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, 0.5км шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан төслийг нээж үг хэллээ. Тэрээр Налайхын шинэ дулааны станц нь зөвхөн шинэ дулааны эх үүсвэр байгуулах төдий бус, Налайх дүүргийн урт хугацааны хөгжил, орон сууцжуулалт, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэх стратегийн томоохон бүтээн байгуулалт гэдгийг онцоллоо.






Улаанбаатар хотын алдааг давтахгүйн тулд Япон, Солонгос, Хятад, Орос, Азербайжан, Америк, Сингапур зэрэг хотын ерөнхий төлөвлөлтийг гаргасан олон улсын шилдэг инженерүүдтэй хамтран Налайх хотын шинэ төлөвлөлтийг хийж дууссанаа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан онцлов.


Налайхын үйлдвэр технологийн паркад 10 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 үйлдвэрийн барилга ашиглалтад орж, иргэдийг ажлын байраар хангаж байна.









