
Нийгмийн даатгалын шимтгэл нь хүн бүрд хамааралтай чухал асуудал бөгөөд өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм.
Хуулийн төслийг “D-Parliament” цахим платформд нээлттэй байршуулж, иргэдээс санал, хүсэлтийг авч байгаа аж. Цахимаар мэдээлэл авахад хүндрэлтэй иргэдийн хувьд Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш зохион байгуулагдах нээлттэй өдөрлөгөөр дамжуулан мэдээлэл авах боломж бүрджээ. Мөн 21 аймаг, 40 суманд ажиллаж, иргэдэд хүрч мэдээлэл өгч байгаа аж.
Эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтэрч буйтай холбоотойгоор үйлдвэрлэлийн ослын тоо нэмэгдэх эрсдэл үүсэж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцоллоо.
Мөн тэрбээр тус хуулийн төслийг энэ долоо хоногийн баасан гарагт багтаан УИХ-ын чуулганаар батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж буй. Учир нь жил бүрийн есдүгээр сарын 1-нд улсын төсвийг УИХ-д өргөн барьдаг бөгөөд үүнээс өмнө тэтгэвэр, тэтгэмж болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэдээлэлд өөрчлөлт оруулж, шаардлагатай тооцооллыг хийхэд тодорхой хугацаа шаарддаг байна.
Хэрэв хуулийг намрын чуулган хүртэл хойшлуулбал 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх боломж хойшлох эрсдэлтэйг анхаарууллаа.
Үүнтэй уялдуулан цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд эдийн засгийн тооцоололд үндэслэн нэмэгдүүлэх шаардлагатай эсэхийг шийдвэрлэх юм.
Мэдээ үзэх холбоос:









