
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өглөө
Зургаадугаар сарын 22-нд АН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар дараах гурван үндсэн асуудлыг хэлэлцлээ.
О.Цогтгэрэл: Бид нар саналаа дэмжиж өгсөн, сонгогчдынхоо саналыг баталгаажуулахын төлөө хараахан өгөөгүй иргэдийнхээ саналыг татаж ажиллахын төлөө ирэх цаг хугацаанд үнэлт дүгнэлт өгч бас буруу дутагдалтай зүйлээ зөвшөөрч ажиллаж, дараа дараагийн сонгуульд амжилт гаргахын төлөө өөрчлөлт оруулж ажилланаа.
- Орон сууцжуулалтын төрөлжсөн банк байгуулах тухай
Ипотекийн зээл болон залуу гэр бүлийг орон сууцжуулах асуудалд АН олон улсын жишиг, дэг журмын дагуу системтэй хандаж ирсэн.
Гэхдээ зөвхөн эрэлтийг дэмжсэнээр орон сууцны үнэ хөөрөгдөж, залууст санхүүгийн дарамт болдог гашуун туршлага бий.
Орон сууцжуулалтын банк байгуулахдаа өмнөх эрсдэлийг давтахгүй байхад онцгой анхаарч, байр сууриа нэгтгэн УИХ-ын хэлэлцүүлгийн түвшинд ажиллана.
- 2025 оны төсвийн гүйцэтгэл
Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2025 оны төсвийн хязгаарлалт, зөрчлүүдийн талаар олон зөвлөмж өгсөн ч хэрэгжилт хангалтгүй байна.
Цаашид хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудын хяналт, үнэлэлт дүгнэлтийг хэрхэн өндөр босготой болгож, төсвийн гүйцэтгэлд ажил хэрэг болгох вэ гэдэгт онцгой анхаарах шаардлага тулгарч байна.
- Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн үр дүнгээс дүгнэвэл
Өчигдөр болсон нөхөн сонгуулиар АН аймгийн ИТХ-ын түвшинд амжилтгүй оролцсон алдаагаа хүлээн зөвшөөрч байна.
Харин анхан шат буюу сумын түвшний 35 нөхөн сонгуулийн нийлбэр дүнгээр АН-ын нэр дэвшигчид улсын хэмжээнд хамгийн өндөр санал авлаа.
Хараат бус судалгаануудаар АН-ын рейтинг иргэдийн дунд өндөр байгаа ч сонгуулийн хууль бус сүлжээ, мөнгөний нөлөө, эрх мэдэл болон 10 гаруй жил бугшсан төрийн албаны бүтцийн эсрэг эцсийн үр дүнд ялагдаж байна.
Иймд сонгуулийн тогтолцоо, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг энэ дүн харууллаа. АН-ыг дэмжиж саналаа өгсөн иргэддээ талархал илэрхийлье.
Б.Уранзаяа








