
Ж.Соёмбо: Монгол Улсын оюун санааны тусгаар тогтнол, геополитикийн биет бус хамгаалалт болох стратегийн мега төсөл юм.

Судлаач Ж.Соёмбо, Төртүвшин нарын бичсэн “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээл нь “Алхинч” кино төсөл болжээ. Уг төслийн зорилго нь Их Монгол Улсын ололт амжилт, ялалтуудыг “морьт цэргийн болхи хүч”, “зэрлэг харгислал” байсан мэтээр бүдгэрүүлэн тайлбарладаг байсан түүх бичлэгийн нийтлэг хандлагыг өөрчлөх аж .
“Алхинч” кино нь Чингис хааны байлдан дагуулалтын амин сүнс нь “Нүүдэлчдийн когнитив тагнуул” буюу мэдээллийн хосгүй сүлжээ, монголчуудын задлан шинжлэх ухаан, стратегийн холч ухаан байсныг дэлхийн дэлгэцнээ анх удаа академик үндэслэлтэйгээр, уран сайхны өндөр түвшинд хиймэл оюун ухаан ашиглан бүтээгдэж буйгаараа онцлог юм. “Алхинч” гэх үг нь монголчуудын тагнуулын эртний хэллэг бөгөөд улс орны нүд чих болсон хамгийн итгэлт, өндөр хариуцлагатай, үнэнч шударга хүмүүсийг ийн нэрлэдэг байжээ.
Төслийн санаачлагчаар Ж.Соёмбо, А.Давааням, Б.Ариунзаяа, Б.Төрмөнх нар ажиллаж байна.
Алхинч кино зохиолын талаар Монгол Улсын Хөдөлмөр баатарын С.Дулам хэлэхдээ:


“Энэ кино зохиол нь урьд өмнө нь миний огт уншиж байгаагүй, цоо шинэ стандартаар туурвисан зохиол байна. Энэ бол кино зохиолын олон улсын юм уу дэлхийн түвшин гэдэг стандарт гэж ийм байдаг болов уу гэсэн бичвэрээр бичигджээ. Хамгийн гол нь манай монголчуудын шинжээний ухааныг гол тулгуур болгож бичснээрээ их онцлог. Энэ бол энэ дэлхийн хаана ч байхгүй, хэнээ ч суралцаагүй, хэнээс ч зээлээгүй, хуулаагүй, монгол соёл иргэншлийн үнэт зүйл гэж би боддог. Өөрөөр хэлбэл энэ их уудам тал, олон янзын байгаль, лаб шавтай оронд төрж мэндэлсэн хүмүүс яагаад гэнэтхэн энэ дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн болж , яагаад энэ дэлхийн хаадын хаад, жанжидын жанжин болж өсөж бойжсон вэ гэдгийн агуу их нууц руу ямар нэгэн хэмжээгээр өнгийж харсан, үүнийг ухаарч ойлгохыг хичээж чармайсан гэдгээрээ бол их үнэ цэнтэй. Өнөөдөр үүнийг дэлхий дахин таг мэдэхгүй байхад нь урлагын хэлээр хүргэх ийм зам замналыг нээж өгсөн бүтээл болжээ” гэжээ.








