
Монголын эдийн засаг 2026 оны эхний хагаст өсөлтөө хадгалсан ч экспортын орлого, нүүрсний үнийн бууралт, инфляцын дарамт зэрэг сорилтууд улам тодорч эхэллээ.
Хөдөө аж ахуйн салбар зудын дараах сэргэлтээр эдийн засгийг дэмжиж байгаа бол уул уурхайн өсөлт өмнөх жилүүдтэй харьцуулахад саарч байна. Үүний зэрэгцээ гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах чухал хүчин зүйл болж байна.
Эдийн засгийн өсөлт 5-8 хувийн хооронд хадгалагдаж байна
Сангийн яамны хамгийн сүүлийн тайланд дурдсанаар Монгол Улсын бодит ДНБ 2025 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн байна. Нэрлэсэн ДНБ 40.3 их наяд төгрөгт хүрчээ. Өсөлтийн гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний салбар байв.
Харин 2026 оны эхний улирлын урьдчилсан үзүүлэлтүүдээр эдийн засгийн өсөлт 7.8 – 7.9 хувьд хүрсэн талаар шинжээчдийн тооцоолол гарсан нь өндөр үзүүлэлт хэвээр байгааг харуулж байна.
Эдийн засаг, хөгжлийн яам 2026 оны эдийн засгийн өсөлтийг 5.7 хувь орчим байна гэж төсөөлсөн бол Дэлхийн банк дунд хугацаанд 5 орчим хувийн өсөлт хадгалагдана гэж үзэж байна.
Хөдөө аж ахуй эдийн засгийг аварч байна
Өнгөрсөн хоёр жилийн зудын дараа мал аж ахуйн салбар эргэн сэргэж, эдийн засгийн өсөлтийн хамгийн том эх үүсвэр болж байна.
2026 оны эхний хагас жилд:
- Хөдөө аж ахуйн салбар 36 хувиар өсөв.
- Эдийн засгийн өсөлтөд 3.6 нэгж хувийн хувь нэмэр оруулав.
- Төл бойжилт 98.5 хувьд хүрэв.
- Том малын зүй бус хорогдол өмнөх оноос 7.9 сая толгойгоор буурчээ.
Энэ нь уул уурхайн өсөлт саарч байгаа үед эдийн засгийг тэнцвэржүүлэх гол хүчин зүйл болж байна.
Уул уурхайн өсөлт саарч эхэллээ
Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хэвээр байгаа уул уурхайн салбарын өсөлт мэдэгдэхүйц удааширлаа.
2026 оны эхний хагас жилд:
- Нүүрс олборлолт 43.8 сая тонн болж 11 хувиар буурсан.
- Төмрийн хүдэр 5 хувиар буурсан.
- Газрын тос, алтны олборлолт мөн буурсан. Харин Оюу толгойн үйлдвэрлэл нэмэгдсэнээр зэсийн баяжмалын үйлдвэрлэл 29 хувиар өсч 970 мянган тоннд хүрсэн байна.
Нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр огцом буурсан нь экспортын орлого болон төсвийн орлогод дарамт учруулж эхэлжээ.
“Инфляц” эдийн засгийн гол дайсан хэвээр
Дэлхийн банкны үнэлгээгээр 2026 онд шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан инфляц 8.5 хувийн орчимд хадгалагдах төлөвтэй байна.
Харин Засгийн газрын макро төсөөллөөр:
- 2025 онд – 9.5%
- 2026 онд – 7.0%
- 2027 онд – 6.0%
- 2028 онд – 5.0% гэж тооцжээ. Гэхдээ өнөөдөр Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляц 11.2 хувьтай байгаа нь жилийн хагас нь өнгөрч байгаа, мөн эдийн засгийн идэвхжил саарсан үед ийм байгаа нь Засгийн газрын дээрх төсөөлөл бодит байдлаас хол зөрөхөөр байгааг харуулж байна.
Инфляц өндөр байгаа нь өрхийн худалдан авах чадвар болон бизнесийн зардалд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсээр байна.
Валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв
Эдийн засгийн хамгийн эерэг үзүүлэлтүүдийн нэг нь гадаад валютын улсын нөөц боллоо.
Монголбанкны мэдээлснээр:
2026 оны гуравдугаар сарын байдлаар гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өмнөх сараас 380 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Улсын түүхэн дэх хамгийн өндөр түвшний нэг болж байна.
Валютын нөөц өссөн нь төгрөгийн ханш болон гадаад өрийн төлбөрийн чадварт эерэг нөлөө үзүүлж байна.
2026 он дуустал бидэнд ямар эрсдэл байна вэ?
- Нэгдүгээрт, нүүрсний үнэ буурсан хэвээр байвал төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэлтэй.
- Хоёрдугаарт, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарах нь Монголын экспортод шууд нөлөөлнө.
- Гуравдугаарт, инфляц өндөр хэвээр үргэлжилбэл хэрэглээ болон хөрөнгө оруулалт саарах магадлалтай.
- Дөрөвдүгээрт, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусахтай холбоотойгоор гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал буурах эрсдэл бий.
Оны эхний хагаст эдийн засаг сайн байсан ч энэ өсөлт уул уурхайгаас хэт хамааралтай хэвээр байгаа бөгөөд 2026 оны үлдсэн хугацаанд эдийн засгийн бодлогын хамгийн том сорилт нь өсөлтөө хадгалахын зэрэгцээ инфляц болон төсвийн эрсдэлийг удирдах асуудал байх төлөвтэй байна.








