
И.Гэгээ: Би том болоод маш алдартай жүжигчин болно
“Бяцхан мисс 2026” оны тэргүүн мисс И.Гэгээ: Би том болоод маш алдартай жүжигчин болно
Хүүхэд буй газар инээд хөөр цалгиж, гэрэл гэгээтэй онцгой хөөрхөн мэдрэмж эрхгүй төрдөг. Хүүхэд бол яг л цав цагаахан цаас мэт хиргүй тунгалаг ертөнц.
Бага наснаасаа адтай, сэргэлэн, цовоо, авьяаслаг хүүхэд, багачуудыг хараад өөрийн эрхгүй хайрлах, бахархах сэтгэл томчуудад төрнө. Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэн, тэднийхээ авьяас чадварыг хөглөж байдаг эцэг, эхчүүд бол хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтыг хийж байгаа гэсэн үг.
Бид энэ удаад 2026 оны бяцхан миссүүдээс онцгойрон гэрэлтсэн Тэргүүн титмийн эзэн И.Гэгээтэй цөөн хором хөөрөлдлөө.
Түүний хувьд “Бяцхан мисс” тэмцээнд жил дараалан амжилттай оролцож, “International idol kids model awards-2026” наадмаас “Grand Prize Model”, “Stylish model”, “Talent model”, 2026 оны “Бяцхан мисс тэмцээний Тэргүүн титмийн эзэн болоод байна.
Үүгээр ч зогсохгүй И.Гэгээ дөрвөн настайгаасаа загварын тайзан дээр алхаж, богино хэмжээний кинонд дүр бүтээгээд амжсан авьяаслаг нэгэн.
“Тайзан дээр гарахаар сандрах биш, хурдан алхахсан хэмээн догдолдог”

-Сайн уу, Гэгээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Ивээлийн Гэгээ гэдэг. Би зургаан настай, энэ жил нэгдүгээр ангид суралцаж төгссөн.
-Киргизстан улсад зохион байгуулагдах Олон Улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. Сэтгэгдэл ямар байна?
-Надад үнэхээр их гоё санагдаж байгаа. Тэнд олон орны олон хүүхдүүд ирж өрсөлдөнө. Тэдгээр хүүхдүүдээс шилдэг нь шалгарч, нэг нь л ялагч болно шүү дээ. Тийм учраас би тэмцээндээ зориулж загварын алхаа, бүжиг, дуугаа маш сайн бэлдсэн. Би анх дөрвөн настай байхдаа “Бяцхан мисс” тэмцээнд орж, гуравдугаар байр эзэлж байсан.
Харин энэ жил дахин оролцоод “Тэргүүн мисс” титмийн эзэн болсон. Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцоно гэхээр маш их догдолж байна. Ялагч болохыг хүсэж байгаа болохоор илүү их хичээж байгаа.
Сайн бэлдсэн, бүрэн бэлтгэл нь хангагдсан, мундаг хүүхэд л түрүүлнэ байх даа.
-Том тэмцээний сүрдмээр тайзан дээр гарахаар сандардаг уу, ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тайзан дээр байхдаа би өөртөө маш итгэлтэй болдог. Сандрах биш, харин ч “Хурдан тайзан дээр гараад алхах юмсан” гээд их догдолдог доо. “Бяцхан мисс” тэмцээнд оролцож байхад миний найзууд үзэгчдийн суудлаас “Гэгээ, Гэгээ!” гээд л чангаар орилж, намайг дэмжсэн. Тэр үед үнэхээр гоё байсан. Энэ удаагийн олон улсын тэмцээндээ зориулж би цоо шинэ, маш гоё даашинз хийлгэсэн. Миний даашинз үнэхээр гоё харагддаг.


“Хүмүүс намайг Солонгосын алдартай жүжигчин, дуучин “IU”-тай адилхан гэдэг ч би гэрийнхэнтэйгээ адилхан”
-Хүмүүс чамайг Өмнөд Солонгосын алдартай жүжигчин, дуучин “IU”тай их адилхан гэж ярьдаг шүү дээ. Чи өөрөө тэр жүжигчнийг мэдэх үү?
-Тийм ээ, хүмүүс намайг “IU” гэдэг алдартантай их адилхан гэлцдэг. Зургийг нь харсан чинь нээрээ л надтай төстэй царайтай юм билээ.
Гэхдээ би чинь өөрийнхөө гэрийнхэнтэй, аав ээжтэйгээ л хамгийн адилхан царайтай (инээв). Намайг гадуур явж байхаар хүмүүс “Нөгөө од охин явж байна” гээд таниад, цуг зураг авхуулдаг болсон.
-Энэ жил нэгдүгээр ангиа төгссөн. Сургуульд ороход ямар байсан бэ, зуны амралтаараа юу хийхээр төлөвлөж байна?
-Нэгдүгээр ангиа төгсчихсөн гоё байна. Анх сургуульд ороход хичээлээсээ жаахан айгаад байсан. Гэхдээ хичээлээ хийгээд үзсэн чинь гайгүй, амархан байсан. Одоо тэмцээнээсээ ирчхээд нэг өдрийг маш зугаатай өнгөрөөнө дөө. Тэгээд зуны амралтаараа сайн амарч, зуны даалгавраа хийнэ. Намар хоёрдугаар ангид орно гэж бодохоор яг л том хүн болж байгаа юм шиг санагдаад байна.


“Эрт унтаж, утсаа бага оролдоорой найзууд аа”
-Тэмцээн уралдаан, олон зураг авалтад оролцохоор ядардаг уу?
-Заримдаа жаахан ядардаг. Өглөө нойроо ханатал унтаад сэрдэг болохоор гайгүй ээ. Зураг авалттай өдөр орой жаахан оройтож унтдаг тал бий. Одоо хичээл амарчихсан байгаа болохоор гэрийнхэндээ туслаад, аяга угааж сурч байгаа. Бусад хүүхдүүддээ хандаж хэлэхэд “Хүүхдүүд ээ, орой эрт унтаж, гар утсаа бага оролдож, хичээлээ маш сайн хийгээрэй” гэмээр байна.
-Том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?
-Би маш алдартай жүжигчин болохыг хүсдэг. Өнгөрсөн өвөл би нэг богино хэмжээний кинонд тоглосон юм. Кинонд тоглох нь миний бодож байснаас хамаагүй гоё, маш хөгжилтэй байсан. Намар бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглохоор бэлдэж байгаа.
Намар бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглоно


-Загварын тайзнаа алхаж, мисс болохыг хүсдэг үеийнхээ найзуудад хандаж зөвлөгөө өгөөч?
-Мисс болохын тулд хамгийн түрүүнд хичээлээ маш сайн хийх хэрэгтэй. Мисс хүн эрдэм номтой хүн байх ёстой. Бас эрт унтаж, утсаа бага оролддог болох зөв дадлыг өөртөө суулгаарай.
-Маш хэрсүү, ухаалаг яриа өрнүүлсэн И.Гэгээд баярлалаа. Олон улсын тэмцээнд нь амжилт хүсье.
-Танд ч гэсэн баярлалаа.
Ярилцсанд баярлалаа.


Бэлтгэсэн: Сэтгүүлч Х.Анаргүл
Зураглаач: Д.Төгөлдөр
Эвлүүлгийн найруулагч: Б.Батбаяр
Бяцхан мисс И.Гэгээгийн видео ярилцлагыг үзэх линк:








