
2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондогийн санаачилга, олон жилийн судалгааны үр дүнд үүсгэн байгуулж монголын уламжлалт хөгжмийг рок урсгалтай хослуулсан “Хүннү рок” хэв маягаар уран бүтээлээ туурвидаг Чингис хаан одонт хамтлаг юм.
Хамтлагийн нэр нь “Хүннү” гэх үгийн язгуур утгатай холбоотой бөгөөд судлаачдын үздэгээр “ХҮ” нь оюун ухаант хүнийг илэрхийлсэн эртний эх үг ажээ. Үүнээс санаа авч хамтлагаа “The Hu” хэмээн нэрлэсэн байна.
Хамтлагийг танилцуулахад ахлагч Ц.Галбадрах нь морин хуур, хархираа хөөмий тоглодог. Бусад гишүүд болох морин хуурч, хөөмийч, гол дуучин Б.Энхсайхан, хуур, цуур, лимбэ хөгжимчин, хөөмийч Г.Нямжамцан, хамтлагийн хөгжмийн найруулагч Н.Тэмүүлэн гэсэн бүрэлдэхүүнтэй. Түүнчлэн аялан тоглолтуудын үеэр бөмбөр, басс гитар, цахилгаан гитар тоглодог туслах хөгжимчид хамт оролцдог.
Үндэсний хөгжмийн зэмсэг, мөн хөөмий, хархираа зэрэг өвөрмөц аялгууг метал рок хөгжимтэй уялдуулж, дэлхийд Монгол өнгө аясыг шингээсэн шинэ урсгал бий болгосон.
Мөн Их Британийн нэр хүндтэй “The Guardian” сэтгүүл тэднийг “Дэлхийн хөгжмийн ертөнцөд гарч ирсэн шинэ үзэгдэл” хэмээн онцолж байв.
Тус хамтлаг 2018 оны есдүгээр сард “Юу вэ, юу вэ, юу” дуугаараа албан ёсоор дебютээ хийж, уг бүтээл нь YouTube платформд 122 сая гаруй хандалт авч байсан. Үүний дараа “Wolf Totem”, “Shoog Shoog” зэрэг уран бүтээлүүдээ гарган олон улсын рок хөгжмийн ертөнцөд хүчтэй байр суурь эзэлсэн юм.
Монгол хэл дээрх уран бүтээлээрээ дэлхийн хөгжмийн зах зээлд амжилт гаргаж чадсан цөөн уран бүтээлчдийн нэг болсон. Тэд “Coachella”, зэрэг олон улсын нэр хүндтэй фестивалиудын тайзнаа тоглож, Америк, Европ, Австрали, Азийн орнуудад нийт 270 гаруй тоглолт хийжээ.
Одоогоор бие даасан гурван студийн цомог, нэг амьд тоглолтын цомог, мөн дэлхийн алдартай хамтлаг дуучидтай хамтарсан болон кино, видео тоглоомын албан ёсны соундтрек дуунууд гаргаад байна.
2019 онд дебют цомгоо “Гэрэг” нэртэйгээр 9 үндсэн дуутай гаргасан.
Энэхүү цомог нь Billboard-ийн World Albums чартыг тэргүүлсэн анхны Монгол уран бүтээл болсон. Хоёр дахь цомгоо 2022 онд “Хар аянга” гэх нэрээр гаргана. Нийт 13 дуутай “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин” гэх мэт. Дэлгэрэнгүй хувилбарт нь өөр хамтлагуудын дуучидтай хамтарсан хувилбарууд нэмэгдэж 20 дуутай болсон.
Хамтлагийн хамгийн сүүлийн үеийн цомог нь “Хүн” бөгөөд хөгжмийн шинэ өнгө төрхийг харуулсан билээ.
Б.Уранзаяа








