
П.Батчимэг, Г.Лувсанжамц тэргүүтэй гишүүд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд өнөөдөр УИХ-ын чуулганаар эцэслэн баталлаа. Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг санаачилсан гишүүд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн П.Батчимэг: Суррон, скүүтер явган зорчигчдыг маш ихээр бухимдуулж байгаа. Энэхүү хуулиар дээрх тээврийн хэрэгсэл явган зорчигчдын замаар зорчих боломжгүй болно. Мөн 18 нас хүрсэн иргэн л жолоодох эрхтэй болно. Дугуйн замаар, дугуйн зам байхгүй бол авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр зорчино.
Хууль санаачлагч хуулийн төслийг боловсруулахдаа бүх зүйлийг харгалзаж харгалзаж хардаг. Нийслэл хотод замын бүтэц маш муу, тусгайлсан дугуйн зам байхгүй. Цаашид дугуйн тусгай замтай болох ёстой байна. Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга үүнийг бүрэн хариуцаж ажиллана байх.
Зогсоолын тухайд дуртай газраа тээврийн хэрэгслээ тавих боломжгүй болно. Нийслэлийн засаг дарга суррон, скүүтер нийлүүлдэг байгууллагатай гэрээ хийдэг болсон. Тэр гэрээний хүрээнд зөвшөөрөлгүй газар байршуулбал торгуультай. Торгууль 50 мянган нэгжээс эхэлнэ. Энэхүү хуулийн төслийг санаачилж, ажлын хэсэгт ажилласан бүх гишүүд хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс Нийслэлийн засаг даргаас замын асуудлыг маш хүчтэй шаардаж ажиллах болно. Ингэснээр энэ хууль хэрэглэгчдэдээ, нийслэлдээ ээлтэй хууль болж хэрэгжинэ.
УИХ-ын гишүүн Л.Лувсанжамц: Тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд авто замын нэгдүгээр эгнээг скүтер, мопед, суррон, автобусанд гаргаж өгөөч. Тэр хүртлээ унадаг дугуйн замыг бүрэн бүтэн болгох ажлыг яаравчлан хийх хэрэгтэй байна гэдгээ Тээврийн цагдаагийн албанд хэлсэн. Нийслэлийн Засаг дарга хуулиа хэрэгжүүлээд явах байх. Скүүтер, мопед, суррон явган зам дээр явахыг хатуу хориглоно. Хэрвээ явсан тохиолдолд торгууль оногдуулна. Жолооны B ангиллын үнэмлэхтэй хүнд унуулъя гэсэн саналыг гаргасан. Насанд хүрээгүй хүүхдүүд аав ээжийнхээ e-mongolia-г ашиглан скүүтер дээр хоёр гурваараа сундалдаад явж байна. Тэр ч бүү хэл эцэг эхчүүд хүүхдээ урдаа тэвэрчихсэн унаад явж байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Сундалж явахыг бүрэн хориглоно. Явган хүний замаар явсан тохиолдолд 50 нэгжээр торгоно. (Нэг торгуулийн нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцдэг) Явган хүний гарцаар унаад гарвал мөн 50 нэгжээр торгоно. Харин 18 нас хүрээгүй хүн унаж байвал 100 нэгжээр торгоно. Хүүхдэдээ үнэмлэхээ ашиглуулсан тохиолдолд эцэг эхийг нь 200 нэгжээр торгоно гэсэн хуулийн заалттай.
Т.ШИЖИР








