
П.Сайнзориг нарын 19 гишүүн бөхчүүдэд цол нөхөн олгох, Ерөнхийлөгчийн зарлигаар 1024 бөх барилдуулах, аймгийн баяр наадамд 256 хүртэлх бөх барилдуулах зэрэг өөрчлөлтийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлтээр оруулж өгөхөөр хуулийн төсөл санаачилсан билээ. Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн заалтуудыг дэмжсэн бөгөөд өчигдөр УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Өнөөдөр дээрх заалтуудыг цаашид хэлэлцэх нь зүйтэй эсэх дээр санал хураах учиртай.
П.Сайнзоригийн хуулиар хэдэн оны наадамд зодоглосон бөхчүүдэд цол өгөх вэ?
- 2003 оны 6 дугаар сарын 13-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан Үндэсний баяр наадмын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдаж хүчин төгөлдөр үйлчлэхээс өмнөх 1987 онд зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний спартакиад,
- 1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,
- 1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрч тухайн үеийн дүрэм, уламжлал, жишгийн дагуу цол олгогдох амжилт үзүүлсэн боловч цол нь олгогдоогүй бөхчүүдийн өөрийн, эсхүл гэр бүлийн гишүүний хүсэлтийн дагуу цолыг нөхөж олгох асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн Үндэсний их баярын наадмын хороо Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан нэг удаа шийдвэрлүүлнэ.
Хэрэв энэ жил 1024 бөх барилдвал хэн, хэн ямар цол авах вэ?
П.Сайнзоригийн хуулийг хэлэлцэхийг гишүүд өнөөдөр дэмжвэл хуулийн төслийн хэлэлцүүлэг үе шаттайгаар хийгдэнэ. Улмаар наадмаас өмнө батлагдлаа гэхэд өнөө жил 1024 бөх барилдуулах эсэхийг Ерөнхийлөгч шийднэ.
Өнөө жил хэрэв 1024 бөх барилдаад,
- Улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс нар ес давж үзүүрлэвэл Даян аварга, 10 даван түрүүлбэл Дархан аварга болно.
- Улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр,Ц.Бямба-Отгон нар ес давж үзүүрлэвэл Улсын аварга, 10 даван түрүүлбэл Даян аварга болно
- Улсын заан С.Сүхбат, Д.Хүдэрбулга, М.Лхагвагэрэл болон тэднээс доош цолтой бөх ес давж үзүүрлэвэл Улсын арслан, 10 давж түрүүлбэл Улсын аварга болно.
Хэрэв Б.Бат-Өлзий заанд цолыг нь нөхөн олговол тэрбээр өнөө жил Улсын арслан цолтой зодоглоно. 1024 бөх зодогловол давхар цол нэмж, Улсын аварга, Даян аварга болох боломжтой.
Харин П.Сайнзоригийн хууль дэмжигдэхгүй, дэмжигдлээ ч Ерөнхийлөгч зарлиг эс гаргавал өнөө жил 512 бөх барилдана. 512 бөх барилдаад Улсын аварга О.Хангай, П.Бүрэнтөгс нарын хэн нэгэн нь түрүүлбэл Даян аварга болно. Харин Улсын арслан цолтой түрүүлбэл Улсын аварга болно. Харин Улсын арслангаас доош цолтон түрүүлбэл Улсын арслан цол авах боломжтой.








