
Сүүлийн үед хүүхдүүдийн дунд түгээмэл болсон гелэн дүүргэлттэй “цэлцгэнүүр тоглоом”, “буузан тоглоом” зэрэг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдлууд бүртгэгдэж байгаа талаар улс орнууд сэрэмжлүүлж байна.
Тодруулбал, дээрх төрлийн тоглоомоор тоглосны дараа хүүхдүүдийн нүүр болон ам хавдах, биеэр нь улайж тууралт гарах, гөвдрүү үүсэх зэрэг харшлын шинж тэмдгүүд илэрчээ. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд ийм шинж тэмдэгтэй зургаан хүүхэд Цогтцэций сум дундын эмнэлэгт хандсан байна.
Үүнээс гадна уг тоглоомтой холбоотой аюултай трендүүд олон нийтийн сүлжээнд түгээд буй, ялангуяа тикток зэрэг платформд хүүхэд, өсвөр насныхан гелэн тоглоомыг богино долгионы зууханд хийж халаах, дараа нь шахах, шидэх, задлах зэрэг үйлдэл хийж бичлэгээ нийтлэх нь нэмэгджээ.
BBC агентлагийн мэдээлснээр Их Британийн 10 настай Белла хэмээх охин сошиал сүлжээнд түгээд байсан бичлэгийг даган гелэн тоглоомоо богино долгионы зууханд халаасан байна. Гэвч тоглоомыг гаргаж ирэх үед доторх гель нь хэт халж дэлбэрэн, нүүр болон цээж хэсэг рүү нь цацагджээ. Улмаар охин хүнд түлэгдэлт авч, эмнэлэгт хүргэгдсэн байна.


Халсан гель нь арьсанд наалдаж үлддэг тул энгийн халуун уснаас илүү гүн түлэгдэлт үүсгэх эрсдэлтэй аж.
Мөн ийм төрлийн тоглоом амархан урагддаг тул доторх гель нь гадагш алдагдах эрсдэлтэй байдаг. Үүний улмаас хүүхэд гельтэй шууд хүрэлцэх, санамсаргүйгээр амсах, залгих зэрэг эрсдэл үүсэх боломжтой. Стандартын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнүүд нь арьс цочроох, харшлын урвал өдөөх магадлалтайг ч анхааруулж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг баталгаагүй гарал үүсэлтэй гелэн тоглоом худалдан авахгүй байх, хүүхдүүдээ дээрх төрлийн тоглоомоор тоглуулахгүй байхыг зөвлөж байна. Мөн сошиал орчинд түгээж буй аюултай туршилт, сорилтуудыг дуурайхгүй байх талаар хүүхдүүддээ тайлбарлаж, эрсдэлийг ойлгуулах шаардлагатай юм.
Хэрэв тоглоом хэрэглэсний дараа нүүр, уруул хавдах, арьс улайж туурах, амьсгалахад хүндрэл үүсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Видео үзэх холбоос:









