
Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж Авлигатай тэмцэх газрын (АТГ) гадна мэдээлэл хийж, нэр бүхий төрийн албан тушаалтнууд авлига, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй асуудлаар АТГ болон Тагнуулын ерөнхий газарт (ТЕГ) хандсан талаар мэдэгдлээ.
Түүний хэлснээр Их Британийн хоёр иргэнд Оюу толгойн гүний уурхайн зөвлөгөө авна гэх нэрээр 2024 онд улсын төсвөөс 1.6 сая фунт стерлинг олгосон асуудалд ноцтой зөрчил байж болзошгүй аж. Мөн уг асуудлыг улсын нууцад хамруулсан нь анхаарал татаж байгаа тул холбогдох байгууллагуудаар шалгуулах хүсэлт гаргасан байна.
Р.Даваадоржийн мэдээлснээр дээрх санхүүжилттэй холбоотой мөнгөн дүнгийн зарим хэсгийг 2021-2022 онд аль хэдийн олгосон байхад 2024 оны Засгийн газрын тогтоолд дахин 1.3 сая фунт стерлинг олгохоор тусгагдсан байжээ.
Гэтэл “Эрдэнэс Оюу Толгой” компанид хүргүүлсэн албан бичигт уг дүнг 1.6 сая фунт стерлингээр тусгасан байсан бөгөөд 300 мянган фунт стерлингийн зөрүү хэрхэн нэмэгдсэн нь тодорхойгүй байгаа хэмээн тэрээр онцолсон юм.
Тэрбээр “Энэ асуудал нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Эрх мэдэл бүхий хүмүүсийн хооронд санхүүгийн дүн тодорхойгүйгээр хэд дахин нэмэгдэж байгаа нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлж байна” гэлээ.
Мөн яагаад тухайн иргэнийг сонгож авсан, яагаад нууцын зэрэглэлд оруулсан талаар ард түмэндээ тайлагнах хэрэгтэй, уг асуудлыг хууль хяналтын байгууллагууд үнэн зөвөөр шалгаж, нэг мөр шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Видео үзэх холбоос:








