
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэмэгдсээр байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд халдварын тархалт идэвхтэй үргэлжилж байгааг анхааруулсаар байна. Өнөөдрийн /2026.05.28/ байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15152 хүрч, нас баралт 20 болсон талаар ХӨСҮТ мэдээлжээ.
Улаанбурхан өвчний дэгдэлт ихэвчлэн хавар, өвлийн улиралд эрчимждэг байна. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэн үеэр хүүхдүүд олноороо нэг орчинд удаан хугацаагаар байх нь халдварыг хурдан тархах нөхцөл болдог.
Энэ удаагийн дэгдэлтийн үед ч сургуулийн насны хүүхдүүдийн өвчлөл хамгийн өндөр байгаа бөгөөд нийслэлийн зарим дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд халдвар голомтлон бүртгэгдэж, нэг ангиас олон хүүхэд зэрэг өвчлөх тохиолдол нэмэгдэж байгаа юм.
Эрүүл мэндийн байгууллагууд халдвар гарсан голомтуудад хэсэгчлэн хариу арга хэмжээ авч, дархлаажуулалт зохион байгуулж байгаа боловч зарим эцэг эх хүүхдээ вакцинд хамруулахаас татгалзаж байгаа нь халдварын тархалтыг хумихад хүндрэл үүсгэж байгааг эмч нар хэлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал асан Э.Анхбаяр “Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний халдвар нийслэлд эрчимтэй нэмэгдэж байна” хэмээн ярьжээ. Түүний мэдээлснээр халдвар авсан хүүхдүүдийн заримыг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бол хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчилж байгаа аж.
Улаанбурхан нь халдварт өвчнүүд дундаа хамгийн өндөр халдварлах чадвартайд тооцогддог бөгөөд халдварлалтын индекс нь 96-98 хувь байдаг байна. Өөрөөр хэлбэл халдвартай хүнтэй нэг орчинд байсан, вакцинд хамрагдаагүй хүмүүсийн дийлэнх нь халдвар авах эрсдэлтэй гэсэн үг юм. Вирус нь агаараар дамжин тархахаас гадна халдвартай гараар нүдэндээ хүрэхэд хүртэл халдварлах боломжтой байдаг аж. Ярих, ханиах, найтаах үед вирус агаарт цацагдан орчиндоо удаан хугацаанд хадгалагдах чадвартай байдаг тул олон нийтийн газар халдвар хурдан тархах нөхцөл бүрддэг байна.
Өвчний эхэн үед халуурах, нүд улайх, хамраас нус гоожих, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд халуурснаас хойш хэд хоногийн дараа нүүрнээс эхэлсэн тууралт бүх биеэр тархдаг юм байна. Мөн амны салстад улаан хүрээтэй жижиг цагаан толбо үүсэх нь улаанбурханы нийтлэг шинж тэмдэгт тооцогддог байна. Ихэнх хүүхэд бага зэрэг халуурч, хоолондоо дургүй болох байдлаар эхэлдэг ч 40 хэмээс дээш халуурч, амьсгалын хүндрэл үүссэн тохиолдолд яаралтай эмчид хандах шаардлагатайг анхааруулжээ.
Улаанбурхан нь тууралт гараад эдгэдэг энгийн өвчин биш бөгөөд дархлаа султай хүүхэд, суурь өвчтэй хүмүүсийн хувьд хүндэрч уушгины хатгалгаа, гуурсан хоолойн үрэвсэл, чих болон нүдний үрэвсэл, цаашлаад тархи нугасны үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг байна. Насанд хүрэгчид тууралт багатай ч ерөнхий хордлогын шинж давамгайлж хүндээр өвчлөх магадлал өндөр байдгийг эмч нар онцолж байгаа юм.
Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс халдварын тархалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь вакцин гэдгийг сануулж байна. Улаанбурхан-улаануудын эсрэг вакциныг хүүхдэд 9 сартайд болон 2 настайд хийдэг бөгөөд вакцины үр дүн 90 хувьтай, дархлаа нь 20 болон түүнээс дээш жилийн хугацаанд тогтдог. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдийнхээ вакцины мэдээллийг өрх, сумын эрүүл мэндийн төв дээр шалгуулж, товлолт дархлаажуулалтад бүрэн хамруулахыг уриалсан юм.


Мөн халдварын үед хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх, гэр орондоо тогтмол агаар сэлгэх, чийгтэй цэвэрлэгээ хийх, хүүхдийн дархлааг дэмжсэн илчлэг, тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатайг зөвлөж байна. Ялангуяа А, С аминдэмээр баялаг хүнс хэрэглэх нь дархлааг дэмжихэд чухал нөлөөтэй аж.
Эмч мэргэжилтнүүдийн хэлж буйгаар халдварын тархалт ойрын өдрүүдэд буурахгүй байх эрсдэлтэй тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрсдийгөө тусгаарлан, яаралтай эмчид хандах шаардлагатай хэвээр байна.
ЭХ СУРВАЛЖ: Халдварт өвчин судлалын үндэсний төв











ХӨСҮТ-ийн захирал байхаа болиод удаж байгаа хүн хэдийдээ ийм ярилцлага өгчив. мэдээг зүгээр өөрсдөө зохиочихдог юм бишүү