
Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 14.00 цагт боллоо.
Тус хурлаар Улаанбаатар хотын шинэ даргын нэрийг тодруулах гол зорилготой байлаа. Хуралдааныг Хотын дарга асан, Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар удирдан явуулсан юм.
Махны үнэ, нөөцийн махны асуудалтай холбоотойгоор Х.Нямбаатарыг Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд хотын даргын албанаас нь огцруулснаас хойш дараагийн Хотын даргад МАН-ын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэр ямар ч өрсөлдөгчгүй яригдаж эхэлсэн.
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид Б.Пүрэвдагвыг залуу боловсон хүчин учраас дэмжиж буйгаа илэрхийлэн, өнөөдрийн хурлын товыг гаргаад байсан.
Гэхдээ үнэндээ Б.Пүрэвдагва зөвхөн залуу хүн гэдэгтээ ч биш өнөөгийн МАН-ын дотоод хагарлыг эерүүлэх буюу У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн экс хүргэн, Д.Амарбаясгалантай ойрхон, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын баруун гар гээд нам дотроо эвийг сахих дундын дүр учраас талууд санал нэгдсэн гэх.
Б.Пүрэвдагвын ажлын туршлагыг харвал,
- 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах
- 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт
- 2013-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх
- 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
- 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга,
- 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
- 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга
- МАН-ын Бага хурлын гишүүн,
- СДМЗХ-ны ерөнхийлөгч
- “Thanks man” ТББ-ын тэргүүн
Тэрбээр Ардын намын ажлыг бол Шадар туслахаас эхлэн гүйцэтгэсээр Залуучуудын холбоог нь өдгөө удирдаж байна. Гэвч түүнд Хот гэх их айлын ахуйн ажилтай зууралдаж, үдэш оройгүй ажиллах чадвар байгаад эргэлзэх. Учир нь түүнд хувь, хувьсгал, төр ажиллаж, төсөвт татвар шимтгэл төлж, цалин олгож, төсөл удирдаж байсан туршлага байхгүй нь ээ.
Угтаа Улаанбаатар хот өндөр төсөвтэй, бие даасан хуулиараа бараг л нэг хот улс болчихсон. Дарга нь дархан эрхтэй шахуу болсон. Энэ хэрээрээ хийх ажил ихтэй, ахуйн ажил нь цаг нар хамаарахгүй ундарч байдаг 1 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотод ажлын туршлагатай хүн ирсэн бол сайнсан.







