
Өдөр бүр өглөөний 07:00 цагт хүмүүс ажил, хичээлдээ яаравчилж, автобусны буудал руу гүйж байдаг бол өнөөдөр тийм биш яагаад гэвэл энэ өдөр /2026.05.23/ марафонтой. Улаанбаатар өдөр бүрийнх шигээ хөдөлгөөнтэй ч замууд хаагдаж, хүүхдүүдийн дугуй унаж явах нь их хотоос авч болох цөөн хэдэн тайван мэдрэмжийн нэг нь билээ.
Марафонд оролцогчид гарааны бүсэд зогсох хүмүүсийг ажиглавал зарим нь чихэвчээ тааруулж, өөрийгөө төвлөрүүлэхийг хичээнэ. Зарим нь найзтайгаа инээж, “яаж гүйх вэ” гэж ярилцана. Харин нөгөө хэсэг нь дотроо л юм бодож, гараагаа хүлээж зогсоно. Тэд бүгд өөр өөр зорилготой ч нэг шугамаас эхлэх гэж буйгаараа ижил.
21 километрт гүйсэн Д.Ганцогт “Өвдгөө хайрлаарай, эхэндээ хэт хурдлах хэрэггүй шүү.” гэж зөвлөж байлаа. Тэрбээр өөрөө гүйлтийн спортыг сонирхож хичээллээд нэлээдгүй хугацааг өнгөрөөжээ. Хажууд нь зогсож байсан залуус толгой дохин сонсож, зарим нь инээмсэглээд “за ойлголоо” гэх мэтээр хариу өгч байв.

Гарааны дохио буюу бөмбөрийн хэмнэл цуурайтан сонстоход хүмүүс нэгэн зэрэг хөдөлж, эхний хэдэн метр дээр бага зэрэг бөөгнөрөл үүснэ. Гэхдээ удалгүй хүн бүр өөрийн хэмнэлээ олж, зайгаа барин тардаг юм билээ. Замын эхэнд хүмүүсийн царайд догдлол илүү тодорч, зарим нь зураг авч, бичлэг хийж харагдана. Хэдэн километр өнгөрөхөд тухайн догдлол бага багаар сорилт болж хувирдаг нь ажиглагдсан билээ, марафонд оролцсон хүн бүр л өвдгөө сайн хамгаалаарай гэж байсан нь гүйлтийн спортоос хол хөндий хэн бүхний анхаарлыг татах нь аргагүй билээ.
Өвдгөө хамгаална гэдэг нь гүйлтийн эхэнд хэт хурдлахгүй байх, биеэ зөв хуваарилж гүйх, тохирсон гутал өмсөх, мөн гүйхийн өмнө булчингаа сайн халаахыг хэлдэг аж. Мөн замын турш хэмнэлээ алдахгүй, өвдөгт ирэх ачааллаа зөв тохируулах нь хамгийн чухал гэдгийг туршлагатай гүйгчид зөвлөж байлаа. Дараагийн марафонд оролцох хүсэлтэй хүмүүст анхаарууштай, хэрэгтэй зөвлөгөө санагдсан юм.
Зам дагуу зогсох хүмүүсийн дэмжлэг гүйгчдэд хамгийн их нөлөөлдөг бололтой. “Чи чадна аа!”, “Ойрхон байна!” гэх мэт үгс гүйж яваа хүний хувьд маш их хүч болдог нь анзаарагдана. Зарим хүүхдүүд гараа сунган алга ташиж, гүйгчидтэй гараа цохиж байгаа нь хүртэл нэг төрлийн урам өгч буйн илрэл болж байлаа.
21 км-ийн ангилалд оролцож буй Гремикс “21 км гүйж үзээгүй болохоор жаахан айж байна. Гэхдээ энд ирчихсэн юм чинь дуусгаад үзнэ ээ” гэж хэлээд гүйлтдээ анхаарлаа хандуулсан юм. Түүний хувьд энэ марафон тэмцээн биш, өөрийгөө сорьж байгаа нэг алхам бололтой.


Мөн Улаанбаатар марафонд тусгай хэрэгцээт иргэд оролцдог нь хүн бүрийн оролцоог хангаж нийгмийн идэвх санаачилгатай байхад чухал нөлөөтэй байгааг харуулсан хэсэг байлаа. Тэд өөрсдийн онцлогт тохируулан, зарим нь алхаж, зарим нь туслахтайгаа хамт урагшилж байсан ч нэг ч удаа зогсохгүй, бариа руу тэмүүлж байлаа.
Тэд ядарсан ч гэсэн баяртай, зарим нь бүр нулимстай харагдана.
Ахиллас Монгол олон улсын байгууллагын тамирчин Б.Даваасүрэн барианд орж ирээд “Манай улс ийм төрлийн нийтийн арга хэмжээгээр дамжаад харьцангуй хөгжиж байна гэж бодож байна. Хүмүүсийн оролцоо, хандлага өөр болжээ. Өмнө нь ийм олон хүн ингэж идэвхтэй оролцоно гэж боддоггүй байлаа, 46 мянга гэдэг бол асар их тоо, дараа жил ч илүү олуулаа болох нь дээ.” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Марафон гэдэг хэн хурдан гүйх вэ гэдгийг шийдэх тухай биш юм байна. Харин хэн өөрийгөө дийлж, эхэлснээ дуусгаж чадсан бэ гэдгийг харуулдаг өдөр бололтой. Хотын гудамж энэ өдөр машинд биш, хүнд зориулагдаж, хүмүүс нэг нэгнээ танихгүй ч дэмжиж, нэг уур амьсгал дор нэгдэж чадлаа.







