
Тактикийн дуурайлган үзүүлэх дадлага зохион байгуулж, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ
Онцгой байдлын ерөнхий газраас Дундговь аймагт зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд тактикийн үзүүлэх дадлага хийжээ. Тактикийн үзүүлэх дадлагад аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, эрүүл мэнд, цагдаа, төрийн болон төрийн бус нийт 11 байгууллагын 121 хүн, 25 техник хэрэгсэлтэйгээр оролцож, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, хамтын ажиллагаа, шуурхай удирдлагын зохион байгуулалтыг дээшлүүлсэн байна.

Нүүлгэн шилжүүлэх болон хуарангийн зохион байгуулалтын дадлагыг 6 цэгээс нийт 2021 иргэнийг хамруулж, гамшгийн үед иргэдийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх, бүртгэл мэдээлэл нэгтгэх, эмзэг бүлгийн иргэдийг хамгаалах, түр байрлуулах цэгийн зохион байгуулалтыг бодитоор туршсан нь онцлог юм.
Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын мэргэжлийн экспертүүд оролцож, хуарангийн удирдлага зохион байгуулалт, иргэдэд үзүүлэх үйлчилгээ, хамгааллын асуудал, хүмүүнлэгийн тусламжийн менежментийн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн нь дадлагын үр дүнг нэмэгдүүлжээ.
Түүнчлэн түр хуарангийн зохион байгуулалтын хүрээнд иргэдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, банк санхүү, мэдээлэл зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг зэрэг төрийн үйлчилгээг нэг цэгээс цогцоор нь хүргэж, зохион байгуулалтыг бодитоор хэрэгжүүлсэн нь гамшгийн үед иргэдийн хэрэгцээнд суурилсан үйлчилгээ үзүүлэх чадавхыг дээшлүүлсэн юм.


Хээрийн хүн эмнэлэг дэлгэх ажиллагааны хүрээнд нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, ангилан ялгалт хийх, халдвар хамгааллын дэглэм мөрдөх, шаардлагатай тохиолдолд тусгаарлах ажиллагаа болон мал эмнэлгийн чиглэлээр гоц халдварт өвчний үеийн хорио цээр, ариутгал халдваргүйтгэлийн ажиллагааг гүйцэтгэжээ.


Мөн гамшгийн үед хүүхэд хамгаалал, эмзэг бүлгийн иргэдийн аюулгүй байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн тусламжийн зохион байгуулалтын асуудлыг хамтатган хэрэгжүүлсэн нь энэ удаагийн иж бүрэн сургуулийн онцлог юм.









