
Парис хотын Давж заалдах шатны шүүх 2009 онд осолдож, 228 хүний амийг авч одсон зорчигч тээврийн Airbus A330-203 онгоцны осолд онгоц үйлдвэрлэгч Airbus болон Францын агаарын тээврийн Air France компаниудыг буруутай гэж үзжээ.
Шүүх Airbus болон Air France компаниуд тус ослын хариуцлагыг үүрэх ёстой хэмээн дээрх хоёр компанид 225 мянган еврогийн торгууль ноогдуулсан ч хохирогчдын ар гэр гэрийнхэн шүүхээс оногдуулсан торгуулийг хангалтгүй байна гэж шүүмжилжээ.
2023 онд Парисын шүүх дээрх хоёр компанийг тус осолд гэм буруугүй хэмээн шийдвэрлэж байсан аж.
Бразилын Рио-де-Жанейро хотоос Францын Парис хотыг чиглэн нисэж байсан Airbus A330-203 онгоц Атлантын далайд унах үед тус онгоцонд 216 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүн зорчиж байсан ба ослоос нэг ч хүн амьд гараагүй юм. Амиа алдсан зорчигчид дунд Франц, Бразил, ХБНГУ, АНУ, Их Британи болон Ирланд улсын иргэд байжээ.
Онгоцны хэлтэрхийнүүдийг олон хоног үргэлжилсэн эрэн хайх ажиллагааны явцад Атлантын далайн ёроолоос олсон ба онгоцны хар хайрцгийг 2011 онд олж байжээ.
2012 онд Францын мөрдөгчид осол гарахад нислэгийн багийнхны бэлтгэл хангалтгүй байсан явдал мөн онгоцны хурдыг хэмжигч мэдрэгч хөлдөж, буруу заалт заасан нь нөлөөлсөн болохыг тогтоосон юм. Нисгэгчид хурдны заалтаас болж буруу арга хэмжээ авсны улмаас онгоц хурдаа алдсан ба нисгэгчид энэ тохиолдолд онгоцны хамрыг доош чиглүүлэхийн оронд дээш чиглүүлснээс болж онгоц доош далайд унаж осолдсон гэж дүгнэсэн байна.
Уг ослоос хойш нисгэгчдийг бэлтгэх хөтөлбөрт өөрчлөлт оруулж, Airbus компани онгоцныхоо хурд хэмжигч мэдрэгчүүдийг сольжээ.
Эх сурвалж: BBC







