
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын сүүлийн 3 жилд хийсэн судалгаа, хяналт шалгалтаар Монгол Улс цахим технологийн эринд хүнээ, хүний эрхээ хамгаалж чадахгүй байгааг харууллаа. Монгол Улс төрийн үйлчилгээгээ цахимжуулж, иргэдийн амьдралыг хөнгөвчлөх алхам хийсэн ч үүний цаана хүний үндсэн эрх, тэр дундаа хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалах тогтолцоо хангалтгүй хэвээр байна гэж Хүний эрхийн Үндэсний Комисс дүгнэлээ.
ХААН Банк, Интермед эмнэлэг харилцагчдынхаа мэдээллийг алдсан, төрийн үйлчилгээний e-Mongolia систем зээлийн апп-уудтай холбогдсон нь иргэдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлүүд байсаар байгаагийн хамгийн ойрын жишээ юм.
Бид Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяагаас тодрууллаа.
Сүүлийн жилүүдэд “цахим үндэстэн”, “төрийн цахим шилжилт” гэх уриа хүчтэй явсан. Иргэд төрийн үйлчилгээг гар утсаараа авдаг болсон. Зээл, эрүүл мэнд, бүртгэл, татвар, нийгмийн үйлчилгээ хүртэл датагаар холбогдож эхэлсэн. Гэвч энэ бүхний цаана хамгийн чухал асуудал болох хүний эрх мартагджээ.
Хувийн мэдээлэл өнөөдөр шинэ “валют” болсон. Хүний регистр, утасны дугаар, эрүүл мэндийн түүх, банкны гүйлгээ, байршлын мэдээлэл гээд бүх зүйл дата болж хадгалагдаж байна. Харин тэр мэдээллийг хамгаалах тогтолцоо нь тунхаг төдий хууль, сул хяналт, бараг үгүй хариуцлагын дунд орхигдсон хэвээр байна.
Мэдээлэл алдагдсан тохиолдол бүр дээр шалгалт хийж, зөвлөмж хүргүүлж, холбогдох байгууллагуудад арга хэмжээ авахыг шаардсан байдаг. Гэхдээ асуудлын гол нь ганц нэг алдаа биш, харин тогтолцооны сул байдал, эрх зүйн бүрэн зохицуулалт байхгүйтэй шууд холбоотой.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс мэдээлэл алдсаны дараа л сандардаг тогтолцоотой болсон. Урьдчилан хамгаалах, эрсдэлийг бууруулах, хариуцлага тооцох механизм бараг ажиллахгүй байна.
Өнөөдрийн мөрдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль нь зарчим, ойлголтын хувьд олон улсын жишигт ойртсон ч бодит хэрэгжилт дээрээ сул хэвээр байгаа. Хуульд “мэдээллийн эзний эрх”, “мэдээлэл хариуцагчийн үүрэг” гэсэн заалтууд бий. Харин тэр үүргээ биелүүлээгүй байгууллагад яг ямар бодит хариуцлага тооцох вэ гэдэг нь бүдэг.
- Иргэн мэдээллээ алдсан тохиолдолд яах вэ?
- Шүүхэд хандах уу?
- Зөрчлийн хуулиар торгох уу?
- Эрүүгийн хэрэг үүсгэх үү?
Практик дээр эдгээр механизм иргэнийг хамгаалж чаддаггүй.
Цахим орчин зөвхөн үйлчилгээний асуудал биш. Энэ бол хүний эрхийн шинэ фронт болсон. Сошиал орчинд үзэн ядалт, нэр төрд халдах контент, цахим залилан, хүүхдийн аюулгүй байдал, хиймэл оюун, тагнах технологи, дроны хяналт, байршил тогтоох систем гээд Монголын хууль эрх зүй бүрэн бэлэн болоогүй олон шинэ эрсдэл бий болсон.
Хамгийн ноцтой нь төр өөрөө иргэдийн мэдээллийг асар их хэмжээгээр төвлөрүүлж байгаа атлаа хамгаалалтын баталгаагаа хангаж чадахгүй байгаа явдал.
Өнөөдөр иргэний бүртгэл, эрүүл мэнд, татвар, нийгмийн даатгал, банк санхүү, боловсролын мэдээлэл бүгд хоорондоо холбогдож эхэлсэн. Нэг систем цоорвол бүхэл бүтэн хүний амьдрал, хувийн нууц мэдээлэл алдагдах эрсдэл үүсэж байна.
ХЭҮК хоёр жилийн турш өргөн хүрээний судалгаа хийж, Монгол Улс “цахим технологийн эринд хүнээ хамгаалах бодлогоор хангалтгүй, бэлэн биш байна” гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайдад 10 чиглэлийн томоохон зөвлөмж хүргүүлсэн байна. Үүнд:
- Хиймэл оюуны эрх зүйн зохицуулалт
- Олон нийтийн сүлжээний бодлого
- Цахим мөрдлөг, тагнах технологийн хяналт
- Хувийн мэдээлэл алдсан байгууллагад хүлээлгэх хариуцлага
- Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн шинэчлэл
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд зориулсан цахим хүртээмж
- Эрүүл мэндийн салбарын дата хамгаалалт зэрэг асуудлууд багтжээ.
Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хувийн халдашгүй байдлын тусгай илтгэгч Монголын нөхцөл байдалд үнэлгээ хийж, 70 гаруй зөвлөмж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, асуудал ганц нэг банк, эмнэлэг, аппликэйшний тухай биш. Энэ бол Монгол Улс иргэдээ дата эринд хамгаалах төрийн бодлоготой болж чадсан уу гэсэн сорилт юм.
“Цахим Монгол” байгуулах амархан. Харин “иргэнээ хамгаалсан Цахим Монгол” байгуулах шаардлагатай байна.







