
2000-2001 он… Завхан нутгийн зон олон зудтай, зутруухан өвөлжиж байлаа. Цас уул давааг нөмрөн хунгарлаж, зам харгуй тасарч, малчид өвс тэжээлгүй болод аймаг даяар гамшгийн байдал бараг нүүрлэсэн үе. Алслагдсан сумдын айлууд хэдэн өдрийн турш сураг чимээгүй, төвөөс ирэх мэдээ мэдээлэл бараг тасарсан шахуу байв.
Яг тэр үед Улсын Их Хурлын гишүүн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал асан Шагдарын Отгонбилэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчдийн хамт нисдэг тэргээр Завхан аймгийн бүх сумдаар тойрон ажиллаж, зудын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцжээ.

“Ш.Отгонбилэг Улиастайд буугаад л шуурхай хурал зарласан. Зүгээр суух эрхгүй мэт хүн бүрийг хөдөлгөж, өдөр шөнөгүй ажиллуулж байсан” хэмээн одоо ч тэр үеийнхэн дурсдаг. Түүний хувьд зуд гэдэг зөвхөн цаг агаарын гамшиг биш, мэдээлэл тасарсан үед хүмүүс хэрхэн шийдвэр гаргахаа мэдэхгүй болсноос сэтгэл санаа нь ч хүндэрдэг онцгой үе гэдгийг мэдэрч байсан гэдэг.
Тиймээс зөвхөн өвс тэжээл, хүмүүнлэгийн тусламжийн асуудалд анхаараад зогсоогүй, иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг онцгой чухалчилжээ.
Ингээд тэрхүү хүнд өдрүүдэд Завханчуудын хувьд өнөөдөр хүртэл үнэ цэнээ алдаагүй нэгэн шийдвэр төрсөн байна. Ш.Отгонбилэг агсан тухайн үеийн Завхан телевизийн захирал Д.Нацагмаад хандан “Хөдөөгийн иргэдэд орон нутгийн талаар ямар ч мэдээлэл алга. Сонин хэвлэл гаргах хэрэгтэй байна. Чи энэ ажлыг эхэл, би дэмжинэ” хэмээн хэлжээ.
Энэ хэдхэн элгэмсүү үг үнэндээ Завхан аймгийн хувьд орон нутгийн хэвлэлийн түүхийг эхлүүлсэн шийдвэр болсон юм. Ингэж л “Завхан” сонин мэндэлжээ.
Анхны дугаарууд нь зөвхөн мэдээ мэдээлэл түгээдэг төдий хэвлэл байгаагүй гэдэг. Харин зуданд хавчигдсан сум сумаас ирсэн сураг, малчдын амьдрал, аймгийн төвөөс хүргэх анхааруулга, тусламжийн мэдээллийг нэгтгэсэн “сэтгэлийн гүүр” болж чадсан байна. Цасанд боогдсон айлуудын хувьд сонин гэдэг зүгээр нэг хэвлэл бус, “биднийг мартчихаагүй юм байна” гэсэн итгэл байжээ.
Өдгөө “Завхан” сонин 25 дахь жилдээ тасралтгүй хэвлэгдэн уншигчдын гар дээр хүрсээр ирлээ. Анхны үзэл санаа, түүхэн эхлэлээ хүндэтгэн “Санаачлагч Ш.Отгонбилэг” хэмээх нэрийг одоо ч дугаар бүртээ онцолдог нь ийм учиртай. Энэ бол түүний нэрийг зүгээр нэг дурссан хэрэг биш юм. Харин орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт үлдээсэн алсын хараа, үнэтэй хувь нэмрийг үе үеийн сэтгүүлчид, уншигчид өнөө хэр хүндэтгэн хадгалж буйн илэрхийлэл юм.
Шагдарын Отгонбилэгийг хүмүүс уул уурхайн салбарын томоохон удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн гэдгээр нь илүү мэднэ. Гэвч тэр зөвхөн үйлдвэр, эдийн засгийн асуудалд анхаардаг хүн байгаагүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдаж байх хугацаандаа орон нутаг, боловсрол, хэвлэл мэдээллийн салбарт бодит хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хөгжлийг дэмжих олон ажлыг санаачилж байсан нь “Завхан” сонины түүхээс тод харагддаг.
2001 онд байгуулагдсан тус сонин өнөөдөр долоо хоног бүр тасралтгүй хэвлэгдэн гарахдаа Завхан нутгийн улс төр, нийгэм, боловсрол, малчдын ахуй амьдрал, орон нутгийн хөгжил дэвшлийн олон мянган түүхийг бичиж үлдээжээ. Өнөөдөр “Завхан” сонин бол зөвхөн хэвлэл биш, аймгийнхаа цаг үеийн амьд архив болон үлдсэн байна.
Тиймээс энэ жилийн 25 жилийн ой нь нэг сонины баяр төдий зүйл биш. Харин зуд зурхантай онцгой хүнд жилүүдэд төрсөн санаачилга хэрхэн бүтэн үеийнхний мэдээллийн индэр болж чадсаны түүхэн ой юм.
Нэгэн өвлийн хүндхэн өдөр “Сонин хэрэгтэй…” хэмээсэн Шагдарын Отгонбилэг агсны эрхэм үг ийнхүү 25 жилийн түүх болон үргэлжилсээр байна.







