
УИХ-ын гишүүн Х.Баттулга нөөцийн махтай холбоотой мэдээлэлд байр сууриа илэрхийллээ.
Сүүлийн өдрүүдэд нөөцийн мах нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийн хоёр нь УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй. Үүнтэй холбогдуулан тэрбээр өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.
Х.Баттулга “Тухайн үед “Мах Импекс” компани 10 мянга орчим хувьцаа эзэмшигчтэй байсан. Би тодорхой хувь эзэмшдэг ч 2004 оноос хойш тус компанийн удирдах зөвлөлөөс гарсан бөгөөд түүнээс хойш удирдах зөвлөлийн шийдвэр, үйл ажиллагаанд оролцдоггүй” гэлээ.
Мөн тэрбээр махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах асуудал нь Засгийн газрын чиг үүрэг гэдгийг онцолж, “Мах нөөцөлж, махны үнэ барих асуудалд Засгийн газар өөрсдөө анхаарч, бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Үүнийг хийж чадахгүй байгаа бол төр засгийн хариуцлагын асуудал” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Түүнчлэн “Ямар нэгэн асуудал гарах болгонд миний нэрийг холбодог болсон” гэсэн юм.







