
Хэн бүхний сайн таних “Баавгайтай чихэр”. “Баавгайтай чихэр”-т асуулт байна. Бид тантай гадаа гудамжинд, магад гадаадад ч таарч мэднэ.
Бид нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг “Шинэ Монгол Технологийн коллеж”-оос бэлтгэлээ. 20 настай инженерүүдийг бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой энэхүү коллеж нь Японы “Коосэн” технологийн коллежийн систем, хөтөлбөрийг загвараа болгон 2014 онд байгуулагджээ. Есдүгээр ангиа төгссөн залуус эднийд таван жил өөрийн сонирхож буй инженерийн мэргэжлээр суралцан дэд бакалаврын дипломтой төгсдөг. Төгсөөд шууд ажиллаж болно. Эсвэл дахин хоёр жил дотоодын болон Японы их сургуулиудад сураад бакалаврын зэргээ авах боломжтой гэнэ. Энэхүү коллежийн багш, сурагч, ажилчид “Баавгайтай чихэр” задаллаа.
-Өглөө бүр ажилдаа ирдэг шалтгаан?
-Шинэ Монгол Технологийн коллежийн ресепшн Ч.Дагвадулам: Миний хувьд 12 дахь жилдээ ажиллаж байна. Өглөө бүр хариуцлагаа биелүүлж, амьдралаа тогтвортой байлгахын тулд, өөртөө үнэ цэнэ бүтээхийн тулд л ажилдаа ирдэг дээ. Хүүхдүүдийн уур амьсгал, энерги цаанаа л нэг гоё байдаг.
-Шинэ оюутан болон төгсөж буй оюутны хооронд ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

-Механик инженерийн тэнхимийн эрхлэгч Б.Билгүүн: Монгол хүүхдүүд байгалийн ухааны хичээл сонирхох бага байна. Үүнийг дагаад инженер, техникийн мэргэжлийг сонгож, сонирхож буй хүүхдийн тоо багасаж байгаа. Тэр утгаараа сурагчид мэдээлэл багатай, “Яагаад” гэсэн асуулт ихтэй орж ирдэг. Манай сургуулийн хувьд “Өөрийн гараар улсаа бүтээнэ” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр ч утгаараа төгсөгчид маань яг л гараараа юмыг хийдэг инженер болоод гардаг. Нийт төгсөгчдийн 50 гаруй хувь нь төгсөөд шууд ажиллаж байна. Үлдсэн 50 хувь нь үргэлжлүүлэн сурч байна.
-Та өөрөө залуухан багш байна. Коллеждоо хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би 22 настайдаа их сургуулиа төгсөөд, шууд л ажиллаж эхэлсэн. 10 дахь жилдээ багшилж байна. Манай сургуулийн тухайд таван мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа. Тодруулан хэлбэл,
- Барилга, дэд бүтцийн инженер
- Цахилгаан, электроникийн инженер
- Механикийн инженер
- Химийн инженерчлэл
- Компьютерын ухааны инженер.
-“Би чадна” гэдэг итгэл өөрт тань хэзээ төрсөн бэ?
–Механик инженерийн ангийн оюутан А.Энхмэнд: Есдүгээр ангиа төгсдөг жил Монгол Улсад инженерээр сурвал ямар боломж байдаг юм бол гэж хайж үзсэний эцэст “Шинэ Монгол Технологийн Коллеж”-ийг мэдэж авсан. Тухайн үед нэг зүйлээс жаахан айж байсан л даа. Би чинь математик, физикийн хичээлдээ жаахан тааруухан сурагч байсан. Энэ коллежид орж чадах юм болов уу. Бараг чадахгүй байх гэж өөртөө нэлээн эргэлзсэн. Тэгээд математик, физик, хими, инженерийн сэтгэлгээ гэсэн шалгалтууд өгч, долоо хоногийн дараа “тэнцсэн” гэсэн хариу хараад үнэхээр их баярласан. Тэр цагаас хойш “Би ер нь чадах юм байна” гэсэн итгэлтэй болсон. Мөн сургуулийн маань багш нар ч гэсэн “Чи чадна” гэдэг итгэл найдварыг өдөр тутам өгч байдаг.
-Математиктаа муу бол инженер болох боломжтой юу?


-Ерөнхий эрдмийн тэнхимийн математикийн багш Т.Мөнхбат: Орчин үед математикийг сонгон суралцах, заавал судлах хичээл ч гэдэг утгаар нь биш хэл гэдэг үүднээс нь авч үздэг болсон. Дан ялангуяа инженерийн мэргэжлийн хичээлүүд математик дээр үндэслэж ордог. Математиктаа муу хүүхэд инженер болж болно л доо. Гэхдээ жаахан ядруухан инженер болно. Математикийг хэдий чинээ сайн судална. Төдий чинээ өрсөлдөх үнэлэмж, дагаад цалин хөлс чинь л нэмэгдэнэ.
-Хүүхдийг математикийнх нь хичээлд яаж дуртай болгох уу?
-Миний хичээл сургалт ихэвчлэн самбар, шохойгоор явдаг. Монгол хүүхдүүдэд ямар арга барил тохиромжтой байна вэ гэхээр багш та багш биш найз нь байх л хэрэгтэй. Тэгэхгүй би чиний багш шүү гэсэн өнцгөөс хандаад байх юм бол эерэг харилцаа суух тал дээр ч удаашралтай юм шиг санагддаг.
-Ер нь сайн инженер болоход тухайн хүнд ямар зан чанар туйлын чухал вэ?
-Ерөнхийдөө тууштай байдал л хамгийн чухал.



-Танай сургуулийг сонгох нэг шалтгаан хэлээч?
-Барилгын инженерчлэлийн ангийн оюутан Ш.Номин: Манай сургуулийн оюутнууд инженерийн мэдлэгийг дан ганц онолоор бус дадлагаар олж авдгаараа давуу талтай. Мөн оюутнуудад зориулсан маш олон тэтгэлэг, дадлага хөтөлбөр, олон төрлийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг.
Анх би олимпиадад оролцоод, нээлттэй өдөрлөгөөр нь энэ сургуулийн талаар мэдээлэл авсан. Тэгээд аав, ээждээ хэлтэл намайг дэмжсэн. Манай аав барилгын инженер мэргэжилтэй хүн л дээ. Тэр ч утгаараа намайг маш их дэмждэг. Улс орноо хөгжүүлэх гэж л энэ мэргэжлийг би сонгосон.
-Таны мэргэжлийг 10 настай хүүхдэд тайлбарлавал. Та нар яг юу “хийж бүтээдэг” вэ?


–Компьютерын ухааны инженерийн ангийн оюутан А.Билгүүнтүшиг: Би компьютерын ухааны инженерийн тавдугаар курсийн оюутан. Манай тэнхимийн эрхлэгч компьютероо гаргаж ирээд “Энэ байхад та нар дэлхийг өөрчилж чадна” гэж хэлсэн. Тэгээд л би гэдэг хүн энэ ангийг сонгосон. Өөрийнхөө мэргэжлийг 10 настай хүүхдэд тайлбарлавал, компьютер гэж шидэт туслагч нөхөр бий. Тэр нөхрөөр юу хийлгэх үү, яаж хүнд хэрэгтэй юм хийлгэх үү гэдгийг зааж өгдөг.
Харин инженер хүн гэж ямар нэгэн үйлдвэрлэл хийхэд тэдгээрийг ажиллуулж байгаа тоног төхөөрөмж, тэр тоног төхөөрөмжийг ажиллуулах систем, тэдгээрийг засаж зохион бүтээдэг хүнийг хэлдэг. Ер нь бид бол улс орны үйлдвэрлэлд голлох хүчин зүйл үзүүлдэг хүмүүс.
-Та энэ сургуулийг 5-10 жилийн дараа хаана хүрсэн байгаасай гэж хүсэж байна вэ?


-Шинэ Монгол Технологийн коллежийн захирал, доктор Т.Оюунжаргал: Бүр хэтийн зорилго маань Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулсан сургууль болох. Дунд хугацааны зорилго маань гэвэл Монголын жишиг Коосэн болох. Коосэн технологийн коллежоо орон нутагт шинээр байгуулаад явж байгаа. 5-10 жилийн дараа оюутан болон төгсөгчдийн маань харьцангуй их болчихно. Төгсөгчид маань Монголынхоо аж үйлдвэрийн салбарын бодит ажлууд дээр ажиллаж, хувь нэмрээ оруулж, өөрийн гараа улсаа бүтээнэ гэж итгэж, найдаж сууна даа.
-Технологийн салбар зөвхөн хөвгүүдэд тохиромжтой юу?
-Химийн инженерийн тэнхимийн эрхлэгч Д.Алтанзул: Манай сургуулийн тухайд хөвгүүд давамгай ч гэсэн охид байгаа. Химийн инженерчлэлийн ангийг охид их сонирхож, суралцдаг. Бараг 50 хувь нь охид байгаа шүү. Тэгэхээр технологийн салбарт зөвхөн хөвгүүд суралцаж, ажиллана гэдэг нь өрөөсгөл ойлголт. Охид технологийн салбарыг сонгохгүй, тойрч гараад буй нэг шалтгаан нь магад хүнд гэж боддогтой нь холбоотой байх л даа.
-Ирээдүйд ямар инженерүүд хамгийн эрэлттэй байх вэ?
-Цахилгаан электроникийн инженерийн тэнхимийн багш, доктор Д.Түвшин: Техник, технологи хурдацтай хөгжиж байна. Электрон төхөөрөмжүүдийн мэдлэгтэй, ажиллаж чаддаг хүмүүсийн хэрэгцээ нэлээн өсөж байна. Мөн зам, гүүр их барагдаж байна. Тэр утгаараа барилгын, дэд бүтцийн инженерүүдийн хэрэгцээ гарна.
-Оюутнуудынхаа гадаад сурах, ажиллах гарцыг танайх хэрхэн нээж өгч, дэмждэг вэ?


–Компьютерын ухааны тэнхимийн ахлах багш Б.Батчулуун: Манай оюутнууд 2-3 курстээ богино болон дунд хугацааны оюутан солилцооны хөтөлбөр, соёлын солилцооны хөтөлбөр, танилцах дадлагын хөтөлбөрөөр Япон улс руу явдаг. 4-5 дугаар курсийн оюутнуудаа дотоодод болон гадаадад үйлдвэрийн дадлагад хамруулдаг. Тавдугаар курсээ төгсөөд дотоодод болон Япон улсад шууд ажлын байр дээр гараад ажиллах боломжтой. Мөн дэвшин суралцах боломжууд ч бий.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ДАРААХ БИЧЛЭГЭЭС ҮЗЭЭРЭЙ:







