
Монгол Улсын Ерөнхий сайд “Ард түмэндээ дуулгах сайн мэдээ” гэж Рио тинтотой “Оюу толгой”-н гэрээтэй холбоотой өрнөж буй хэлцлийн эхний үр дүнг танилцуулсан.
Энэ бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын ахалсан Ажлын хэсэг “Рио Тинто” групптэй “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг хоёр дахин багасгаж, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрчээ. Ингэснээр төлбөрийн зардал 2.2 тэрбум ам.доллароор буурч, Монгол Улсын өгөөж 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ.
Ингээд асуудал дуусаж байгаа биш цаана нь дахиад 2 ажлын хэсэг Рио Тинтогийн монголд ирсэн төлөөлөлтэй нүүр тулж суугаа. Өөрөөр хэлбэл хэлэлцээ ширээний 2 талд үргэлжилсээр байгааг бид санах хэрэгтэй.
УИХ-аас гаргасан 120-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг ахалж,
- ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр,
- Хууль зүйн сайд С.Амарсайхан,
- Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Э.Энхбаяр
Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг ахалж,
- Сангийн сайд З.Мэндсайхан нар Монгол Улсын Засгийн газрыг буюу Монгол Улсыг, монголын ард түмнийг төлөөлөн хэлэлцээ хийж байна.
Ерөнхий сайд асан Г.Занданшатар Рио тинтогийн төлөөлөлттэй уулзахдаа “Монгол Улс танай компанид хууртагдсан мэдрэмж аваад байна” гэх агуулгатай үг хэлж, хэрвээ тохиролцоонд хүрэхгүй бол цаашид Оюу толгойн төсөл дээр ио тинто груптэй хамтран ажиллах эсэх нь эргэлзээтэй гэж хатуухан хэлээд явуулсан байдаг. Үүгээрээ Г.Занданшатар Рио тинтогийн талынхны дургүйг хүргэсэн ч ард түмэнд бол машид таалагдсан. Гэхдээ улс төр, иргэдийн хүсэл зоригоос хүчтэй байсан учраас Г.Занданшатар албаа Н.Учралд өгсөн.
Харин Ерөнхий сайд Н.Учрал болон түүний багийнхан Монголын ард иргэдийн Оюу толгойн гэрээний хэлэлцээнээс хүлээж буй өндөр найдлагыг дааж чадах эсэхийг ойрын үед бид харна.
“Сайн мэдээ” гэдэг үгээр иргэдийнхээ аманд “чихэр” үмхүүлэх үү? эсвэл Оюу толгойн ашгийг ард түмэндээ авч үлдэж чадах уу гэдэг Ерөнхий сайдын өмнө хамгийн том сорилт.
Ерөнхий сайд Н.Учралын хэлсэнчлэн менежментийн төлбөрийг 2 дахин бууруулж, төлбөрийн давхардлыг арилгахаар тохиролцсон нь сайн мэдээ мөн боловч түүнээс илүү зээлийн хүүг бууруулж чадвал тэр жинхэнэ “сайн мэдээ” болох учиртай.
Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалт анхны тооцоолсон 4 тэрбум ам.доллароос хэтэрч, далд уурхайн бүтээн байгуулалт нь удааширсантай холбоотойгоор нэмэгдсээр 20 гаруй тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 18 тэрбум ам.долларыг хувь нийлүүлэгчдийн зүгээс гаргасан болон зээл хэлбэрээр авсан нь олон улсын стандартыг давсан өндөр буюу манай улсад ирэх өгөөж багасч, зээлсэн хөрөнгө оруулалтынхаа хүүний төлбөрт өгсөөр байгаа.
Олон улсад уул уурхайн том төслүүдэд хүртэх ашгаас төлөхөөр хувь нийлүүлэгч талаасаа зээл авч төслийн хөрөнгө оруулалтаа шийддэг туршлага байдаг ч Монгол Улс зээлийн зардлын хэмжээ нийт төсвийн 50 орчим хувийг эзэлж байгаа нь хамгийн том асуудал болсоор ирсэн.
Оюу толгой төслийн зардал нэмэгдэх тусам менежментийн төлбөр өсдөг зарчмаар Рио Тинто зардлаа тэлэх бүрт Монголын төлөх менежментийн зардал өссөөр байгаа. Энэ зардлын төлбөрийг бид зээлээр авчихсан. Ингэхдээ 11.3%-ийн зээлийн хүү төлдөг.
“Монгол Улс Рио Тинтод өдөр бүр 10 тэрбум төгрөгийн өр төлж байна” гэдэг. Энэ нь шууд “иргэн бүр халааснаасаа төлж байна” гэсэн утга биш ч Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд хуримтлагдаж буй өр, хүүгийн дарамтыг илэрхийлж байгаа тайлбар.
Хэрэв 10 тэрбум төгрөгийг 3.5 сая хүн амдаа хуваавал Монгол Улсын 1 иргэн алт, зэсийн арвин нөөцтэй Оюу толгой ордынхоо баялгийг Рио тинто группт ашиглуулсныхаа төлөө 34 хувьдаа ногдох ашиг бус өдөр бүр ойролцоогоор 2800-3000 төгрөг, жилдээ 1 сая төгрөгийн өр төлж байгаа гэсэн тооцоо байдаг.
Хэрвээ Сангийн сайд З.Мэндсайханы ахалж буй ажлын хэсэг энэ зээлийн хүүг бууруулж чадвал энэ их өрнөөс Монгол Улс хөнгөлөгдөх жинхэнэ “Сайн мэдээ” болно.







