
Монгол улсад оюуны спортын Ази тивийн шилдгүүд чуулахад 10 хоног үлдлээ
Монгол Улсад энэ сарын 29-нөөс зургаадугаар сарын 6-ныг дуустал зохион байгуулагдах шатрын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын баг бүрэлдэхүүн тодорхой болжээ.
“Аса арена”-д явагдах шатрын тэмцээнд нийт 248 шатарчин ур ухаанаа уралдуулах юм. Зохион байгуулагч орон буюу Монголоос 89, БНХАУ-аас 35, Энэтхэгээс 19, Узбекистанаас 12, Казахстанаас 10 зэрэг Азийн 26 орны шатарчин оролцоно. Тэднээс 34 нь их мастер, 12 нь эмэгтэй их мастер бол олон улсын мастер 48, олон улсын эмэгтэй мастер 20 оролцох аж.
Одоогоор бүртгүүлсэн тамирчдын дундаж чансаа 2,270 бол насны дундаж нь 22 байна. Монгол Улсаас Шатрын болон Бодлого бодолтын Их мастер С.Билгүүн, Ц.Батчулуун, эмэгтэйчүүдийн ангилалд олон улсын мастер Б.Мөнгөнтуул, эмэгтэй олон улсын мастер Б.Мөнгөнзул, эмэгтэй их мастер Т.Мөнхзул тэргүүтэй шатарчид оюун ухаанаа сорино.







