
Хотын шинэ даргад яригдаж буй Б.Пүрэвдагва гэж хэн бэ
“Мах”-наас болж хотын даргаа суудлаас нь авч хаясан МАН дотор Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын ажлыг хэнд даатгах вэ хэмээх нэлээн том тэмцэл өрнөж эхэллээ.
Х.Нямбаатарыг чөлөөлсөн нь махны үнэд ч биш, Туулын хурдны зам ч биш МАН доторх хагарал туйлдаа хүрсний шинж гэж харагдаж буй.
Өчигдөрхөн цахим хуудсаар МАН Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын МАН-ын бүлгийн дарга Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан А.Баяр тэргүүтэй нэрсийг цохон, дараагийн хотын даргад яригдаж буй хэмээсэн мэдээллүүд ар араасаа хөвөрсөн.
Тэгвэл МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон нь тодорхой боллоо.
Өчигдөр оройны байдлаар МАН-ын зүгээс хамгийн боломжтой хувилбар нь Б.Пүрэвдагва гэж үзжээ. Учир нь У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Н.Учрал нарын эвийг сахих хамгийн боломжит “Дундын гүүр” бөгөөд одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын “Баруун гар” гэгдэх нарийн бичгийн дарга аж.
Түүний оронд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, одоогийн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарын нэр яригдаж байсан ч тэд МАН-ын доторх галыг улам л өрдөх эрсдэлтэй учраас туршлага багатай, цүнх баригч гэж хочлуулдаг, №01-ийн экс хүргэн гэгдэх Б.Пүрэвдагва хамгийн боломжит хувилбар гэдэг дээр санал нэгдэцгээжээ.

Одоогийн намын дарга Н.Учралаас НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн албыг залгамжилж авсан нь нам дотроо үнэлэгддэг “кандидат” юм.
Одоогийн байдлаар МАН Удирдах зөвлөлөө хуралдуулж, Улаанбаатар хотын захирагчид хэнийг нэр дэвшүүлэхээ албан ёсоор хэлэлцээгүй байгаа ч Х.Нямбаатар өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны хурлын товыг зарлахаа мэдэгдсэн билээ.
Нийслэлийн МАН өнөөдөр 15:00 цагт намын байран дээрээ хуралдаж эхлэх товтой байна.
Иймээс тун ойрын хугацаанд Удирдах зөвлөлөөс Улаанбаатар хотын захирагчийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгох ажээ. Өнөөдрийн гол ярианы сэдэв Б.Пүрэвдагва гэж хэн бэ?
Тэрбээр 2020-2024 оны хооронд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажиллажээ. Учир мэдэх хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн гэдгээр нь анддаггүй аж.
Гэхдээ тэрбээр гэргийгээсээ эртний хоёр тийш салж, дундаасаа хоёр ч хүүхэдтэй гэсэн шум дуулданалээ.
Б.Пүрэвдагва ажлын туршлага:
- 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Намын байгуулалтын газрын Улс төрийн ажилтан
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах
- 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт
- 2013-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2017 Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх
- 2017 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
- 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга,
- 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
- 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга
- МАН-ын Бага хурлын гишүүн,
- СДМЗХ-ны ерөнхийлөгч
- “Thanks man” ТББ-ын тэргүүн
Харин тэрбээр Ардын намын ажлыг бол Шадар туслахаас эхлэн гүйцэтгэсээр Залуучуудын холбоог нь өдгөө удирдаж байна.







