
Ерөнхий сайдын улс төрийн нүүдэл Х.Нямбаатар руу чиглэлээ
Махны үнэ, нөөцийн махны асуудал олны анхаарлын төвд орж, шүүмжлэл дагуулах боллоо. Улс төрийн хүрээнд уг асуудлыг инфляц эсвэл зах зээлийн савлагаа гэж харахгүй байгаа бололтой. Харин Хотын дарга Х.Нямбаатар руу чиглэсэн улс төрийн дайралт гэх хардлага хүчтэй яригдаж эхэлжээ.
Түгжрэл, утаа, нийтийн тээвэр, газар чөлөөлөлт, метро гээд нийслэлтэй холбоотой томоохон асуудал бүрийн өмнө Х.Нямбаатарын нэр явдаг болсон. Үүнтэй зэрэгцээд хотын төсөв, том төслүүд, хөрөнгө оруулалт, тендерийн бодлого ч түүний хүрээнд төвлөрч эхэлсэн нь улс төрийн нөлөөг нь илүү томруулсан.
Өөрөөр хэлбэл Х.Нямбаатар эрх мэдэл, нөлөө нь тэлж яваа дараагийн үеийн улс төрчдийн нэг болсон гэсэн үнэлгээ МАН дотор ч бий болсон гэх яриа гарчээ.
Тиймээс түүнийг улс төрийн өрсөлдөгчид нь анзаарахгүй өнгөрөхгүй нь ойлгомжтой. Ялангуяа Хотын даргын суудал өнөөдөр асар том улс төрийн талбар болсон. Хотыг атгаж буй хүн төсөв, мэдээлэл, сонгуулийн бүтэц, нөлөөллийн сүлжээг давхар атгаж эхэлдэг.
Ийм үед махны үнэ эмзэг сэдэв болж хувирч байна. Иргэд бодит амьдрал дээр өдөр бүр мэдэрч байгаа асуудал учраас тайлбар, статистикаас илүү хүчтэй нөлөөлдөг. Зах дээр очоод “мах дахиад үнэтэй болж” гэж бухимдах тэр мэдрэмжийг улс төр рүү хөрвүүлэх хамгийн амархан.
Ингээд “мах үнэтэй байна, хот ажлаа хийхгүй байна” гэсэн энгийн боловч хүчтэй мессеж аажмаар сууж эхэлж байгаа дүр зураг бий болжээ.
Энэ нь хамгийн түрүүнд Х.Нямбаатарын бүрдүүлж ирсэн “асуудал шийддэг”, “хатуу менежер” гэх имиж рүү цохилт болж байгаа юм. Учир нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал дээр мэдрэгдэж буй үнийн өсөлт улс төрийн хамгийн хүчтэй шүүмжлэл болж хувирдаг.
Мөн энэ бүхний цаана Ерөнхий сайд Н.Учрал болон Х.Нямбаатарын харилцаатай холбоотой улс төрийн хардлагууд ч дагаж яригдах болов. Албан ёсны баримт, нотолгоо байхгүй ч “Х.Нямбаатарын нөлөөг эртнээс сааруулах сонирхол байсан” гэх яриа улс төрийн хүрээнд улам идэвхжиж эхэлжээ.
Редакцын бус нийтлэл









