
Өчигдөрхөн “хотын эзэн” шиг аашилж байсан Х.Нямбаатар өнөөдөр Ерөнхий сайдын нэг шийдвэрийн өмнө улс төрийн хамгаалалтгүй үлдлээ. Ерөнхий сайд Н.Учрал түүнийг Нийслэлийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөхөө мэдэгдсэн нь улс төрд хэн нь илүү “эрх мэдэлтэй” вэ гэдгийг харуулсан хүчний ил тод тунхаглал байлаа.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйл Ерөнхий сайдад нийслэлийн Засаг даргыг огцруулах бүрэн эрхийг тодорхой олгосон байдаг. Тэр дундаа “хууль тогтоомжийг удаа дараа, эсвэл ноцтой зөрчсөн” тохиолдолд Ерөнхий сайд өөрийн санаачилгаар огцруулах боломжтой гэж заасан.
Өөрөөр хэлбэл энэ шийдвэр улс төрийн маргаантай байж болох ч хууль зүйн хувьд бол эрх мэдлийн хүрээнд гарсан шийдвэр.
Иргэд “НИТХ эсэргүүцвэл яах вэ?”, “Хотын даргыг ингэж шууд огцруулж болдог юм уу?” гэж асууж байна. Хариулт нь болдог, бас хуультай.
Хотын даргыг томилдог систем нь орон нутгийн ардчилал мэт харагдавч, эцсийн товчлуур нь Төрийн ордонд л байдаг.
НИТХ юу хийж чадах вэ?
Тогтоол гаргана.
Мэдэгдэл хийнэ.
Хэрэв процесс зөрчсөн гэж үзвэл шүүхэд хандана.
Гэхдээ тэд юу хийж чадахгүй вэ?
Ерөнхий сайдын шийдвэрийг хүчингүй болгож чадахгүй. Энэ бол хууль.
Х.Нямбаатарын үед Улаанбаатар хот асар их мөнгө, тендер, эрх мэдлийн талбар болсон гэж иргэд ярих нь бий. Метро, түгжрэл, газар чөлөөлөлт, худалдан авалт, нийтийн тээврийн шинэчлэл гээд олон их наядын эргэлт нийслэлд төвлөрсөн. Ийм үед хотын даргын суудал улс төрийн хамгийн үнэтэй суудлын нэг болдог байна.








