
Карибын тэнгист байрлах 18 мянган хүн амтай, 91 км² бүхий жижиг арал хиймэл оюун ухааны зах зээлийн өсөлтийн ачаар сүүлийн жилүүдэд төсөвтөө олон арван сая ам.долларыг төвлөрүүлж чаджээ. Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн Вант улсын эзэмшлийн Ангилья өөртөө засах нутаг дэвсгэр дээр хиймэл оюун ухааны стартапууд, AI дэд бүтцүүд байхгүй гэдгийг онцлох нь зүйтэй бөгөөд Ангилья арлын олон арван сая ам.долларын орлогын эх үүсвэр нь домэйн нэрийн борлуулалт аж.
Ангилья арлын интернэт домэйн нэр нь .ai ( Anguilla Island товчлол) бөгөөд энэ нь англи хэл дээрх хиймэл оюун ухаан буюу Artificial Intelligence үгний товчлолтой ижил юм. Зөвхөн уг шалтгаанаар хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг олон арван мянган компаниуд өөрсдийн вэбсайтаа Ангилья арал дээр бүртгүүлэх болжээ.
2022 оны сүүлээр Ангилья арлын бүсэд .ai домэйнтэй 100 мянга гаруй сайт бүртгэгдсэн байсан бол энэ тоо 2023 онд 350 мянгыг, 2025 онд 850 мянгыг давжээ. Өнөөдөр .ai домэйн нэртэй сайтуудын тоо 1.2 саяыг давж, өдөр тутам хэдэн мянгаар нэмэгдсээр байна.
2022 онд Ангилья арал домэйн нэрийн борлуулалтаараа 7.7 сая ам.доллар олсон бол 2024 онд 39 сая ам.доллар, 2025 онд 85 сая гаруй ам.долларын орлого олжээ.
.ai домэйнд албан ёсоор бүртгүүлэхэд 150-200 ам.долларын үнэтэй бол you.ai, cloud.ai гэх мэт алдартай домэйн нэрс үнэ хаялцуулах худалдаагаар олон мянган ам.долларын үнэд хүрэх тохиолдлууд ч байдаг аж.
Аялал жуулчлалаараа алдартай Ангилья арлын ДНБ 2022 онд 300 сая ам.долларыг дөнгөж давж байсан бол 2024 онд.456 сая ам.долларт хүрчээ.
Тус арлын удирдлагууд 2024 онд Identity Digital компанитай 5 жилийн гэрээ хийсэн бөгөөд тус компани .ai домэйн нэрийг борлуулах ажлыг хариуцсанаар борлуулалтын орлогын 10 хувийг авч, үлдсэнийг нь Ангилья арлын төсөвт шилжүүлдэг аж.







