
Манай улсын томоохон асуудал болсон сэдвүүдийн нэг нь өөрийн гэсэн байртай болох яалтчгүй мөн, орон сууцны хүртээмж, өндөр үнэ, урьдчилгаа төлбөр, ипотекийн зээлийн нөхцөлөөс шалтгаалан олон гэр бүл, дундаж орлоготой иргэд “байртай болох” мөрөөдлөө хойшлуулах болсон энэ үед түрээслээд өмчлөх боломжтой гэх “Солонго 1, 2” орон сууцны төслийг Барилга, хот байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпораци хэрэгжүүлж байгаа.
Хан-Уул дүүргийн 21-р хороонд хэрэгжиж буй тус төсөл нь нийт 5002 айлын, 66 блок бүхий орлогод нийцсэн орон сууцны хороолол бөгөөд “түрээслээд өмчлөх” хэлбэрээр иргэдийг хамруулах юм байна. Эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг ирэх долоодугаар сард улсын комисс хүлээн авч, наймдугаар сараас бүртгэл эхлэхээр төлөвлөжээ.
Улаанбаатар хотын төвийн бүсэд шинэ хоёр өрөө байрны үнэ дунджаар 250-450 сая төгрөг, хуучин байр 180-300 сая төгрөг харин ипотекээр байр авлаа гэхэд урьдчилгаа 120 орчим сая төгрөг хэрэгтэй. Урьдчилгаа төлбөрийг хуримтлуулахын тулд сар бүр хоёр сая төгрөг хуримтлууллаа гэхэд ойролцоогоор 5-6 жил зарцуулагдана.
Иймээс түрээслээд өмчлөх гэдэг нь иргэдэд таалагдаж илүү ойр санагдаж болох юм. Энэ нь урьдчилгаа мөнгөгүй ч тогтвортой орлоготой хүмүүст боломж гаргаж байгаа хэлбэр, өөрөөр хэлбэл банкны өндөр босго давж чадахгүй ч хөдөлмөрлөж буй тогтмол орлоготой иргэдийг дэмжих гэсэн оролдлого гэж харж болно.
Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэдийг 100 онооны системээр үнэлж тодорхой шалгуурт суурилсан сонгон шалгаруулалт явагдах нь жишээ нь ахмадуудад нийт байрны 18 хувийг олгоно гэдэг нь олон жил хөдөлмөрлөсөн ч орон сууцтай болж чадаагүй хүмүүсийг тодорхой хэмжээнд дэмжих бодлого бол залуу гэр бүлд 15 хувийн квот гаргаж байгаа нь хүн амын өсөлт, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих зорилготой холбоотой.
Харин гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, яндангаа буулгаж буй иргэдэд нэмэлт оноо өгөх нь утааг бууруулах бодлоготой шууд холбоотой. Энэ нь уг төслийн цаад утга буюу байр олгохоос гадна хотын агаарын бохирдлыг багасгах зорилго.
Мөн татвар төлөлтийг үнэлнэ гэдэг нь “тогтмол ажилтай, орлоготой, нийгмийн хариуцлагатай иргэдийг дэмжинэ.” гэсэн зарчим.
Хотын төвдөө ойр, боломжийн үнэтэй шинэ байр барих бараг боломжгүй. тиймээс төр том хэмжээний газар дээр, хотын захын бүсэд ийм төслүүдийг хэрэгжүүлж байгаа нь “хөрсөн дээр буусан” шийдвэр ч байж болох юм.
Уг орон сууцны төслийн хүрээнд улсын хэмжээнд нэг сургууль, хоёр цэцэрлэг, мөн авто зогсоол ч төлөвлөгдсөн байгаа нь сайшаалтай.
Цахим сүлжээнд “Солонго 1, 2” гэх нэр хүчтэй түгж байгаа ч мэдээлэл ойлгомжтой хүрэхгүй байгааг иргэдийн байр суурийг бэлтгэн хүргэсэн манай сурвалжилгаас үзэх боломжтой.
“Хурдан” системээр бүртгэл явуулна гэдэг сайн хэрэг. Гэвч ахмад настнууд, цахим хэрэглээ муу иргэд, анх удаа орон сууцанд орох гэж буй хүмүүс бүгд цахим сүлжээг төгс хэрэглэж чадахгүй ч байранд орох мөрөөдөлтэй байгааг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд ихэвчлэн мэдээлэлд ойр байгаа иргэд давуу эрхтэй болдог нь манай улсын жишиг болчихсон.
Хэрэв энэ төсөл шударга хэрэгжиж, хүн бүрд хүртээлтэй байж чадвал хүмүүс төрийн орон сууцны бодлогод дахин итгэж эхэлнэ. Харин эсрэгээрээ ойлгомжгүй журам, мэдээллийн хүртээмжгүй байдал давамгайлбал “төрийн төсөл” гэдэг үгэнд итгэх итгэл ч алдагдах эрсдэлтэй.







