
Сангийн сайд З.Мэндсайхан Гадаад зээлийн ашиглалт, татварын шинэчлэл, НӨАТ-ын бодлого, нүүрсний экспортын төлөв болон аж ахуйн нэгжүүдийг дэмжих арга хэмжээний талаар дахин байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр гадаад зээлийн ашиглалтыг сайжруулахтай холбоотой асуудлыг Засгийн газар дахин өргөн барих боломжтой гэж үзэж байгаагаа хэлэв. “Энэ нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс асуудлыг хуулийн хүрээнд эргэж харах хэрэгтэй. Хэрэв Засгийн газар өөрсдөө санаачилга гаргах эрх зүйн боломж нь нээлттэй байвал богино хугацаанд Засгийн газраар дахин хэлэлцүүлнэ гэсэн бодолтой байна” гэжээ.
Мөн зарим гишүүдийн зүгээс “хоёр төсөвтэй болох гэж байна”, “өрийн дарамт нэмэгдэнэ” гэх шүүмжлэл гарч буйтай холбоотойгоор тайлбар өгсөн байна. Түүний хэлснээр гадаад зээл нь урсгал зардал, цалин, тэтгэвэр санхүүжүүлэхэд бус, зөвхөн эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдэд зориулагддаг аж.
“Гадаад зээлээр ямар төсөл хэрэгжүүлэхийг УИХ өөрөө баталдаг. Үүнийг өр гэж харахаас илүү ирээдүйн хөрөнгө оруулалт гэж ойлгох хэрэгтэй” хэмээн тэр онцоллоо.
Түүнчлэн дараагийн удаад Засгийн газар өргөн барихдаа Газрын тосны төслүүдийг түлхүү оруулж ирэх бодолтой байгаагаа дурдсан байна.
НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгох асуудал жижиг, дунд бизнесүүдийг шахах эрсдэлтэй гэх шүүмжлэлд тэрбээр “Энэ санал нь өөрөө аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүсэлт. Жижиг, дунд бизнесүүд НӨАТ-ын ачааллыг бууруулж өгөхийг хүсэж байсан” хэмээн тайлбарлав.
Мөн НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгох шийдвэр хойшилж буй талаар “1.6 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Одоогийн нөхцөлд ажлын байраа хадгалах, хөдөлмөр эрхэлж буй иргэдээ дэмжих нь илүү чухал бодлого” гэжээ.
Тэрбээр Засгийн газар үүний оронд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх зохицуулалт оруулж ирснийг онцолсон байна. Ингэснээр ажил хөдөлмөр эрхэлж буй иргэн бүрийн гар дээр жилд дунджаар 950 мянган төгрөг үлдэнэ гэсэн тооцоо гарчээ.
Мөн нийт татварын хөнгөлөлтийн хүрээнд 2.2 их наяд төгрөгийн ачааллыг иргэд, аж ахуйн нэгжүүд дээр үлдээж байна гэж тайлбарласан байна.
Нүүрсний экспортын төлөвлөгөөний талаар ярихдаа энэ жил 90 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд одоогийн гүйцэтгэл төлөвлөгөөнөөс давж яваа гэж мэдэгдэв. Ирэх онд экспортын хэмжээг 95 сая тоннд хүргэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоолол байгаа аж.
Тэрбээр “Худалдан авагч талын эрэлт, хил нэвтрүүлэх хүчин чадал, дотоод зохион байгуулалт зэрэг нь экспортын хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ бидэнд дотоод нөөц боломж бий” гэжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэх шүүмжлэлд хариулахдаа “Алт, зэсийн үнэ тогтвортой өндөр түвшинд байна. Нүүрсний хувьд ч олон улсын шинжээчдийн таамаглал тогтвортой байгаа. Бид хамгийн боломжит түвшний тооцооллоор төсвөө боловсруулсан” гэсэн байна.
Мөн татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн дансыг бүрэн хаах бодлогоос татгалзаж, мөнгөн урсгалын 20 хувийг үлдээж ажиллах боломж олгох зохицуулалт хийж буйгаа дурджээ.
Түүний мэдээлснээр данс нь түр чөлөөлөгдсөн аж ахуйн нэгжүүдээс одоогоор 168 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрөөд байгаа аж. “Хааж боохоос илүүтэй аж ахуйн нэгжүүдтэй ойлголцож, үйл ажиллагааг нь хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх нь Засгийн газрын бодлого” хэмээн мэдэгдлээ.








чададг хмст бол хөрөнгө оруулалт, та нар шигихцлгайч улстөрчидтэй оронд бол өр л дөө
чададг хмст бол хөрөнгө оруулалт, та нар шигихцлгайч улстөрчидтэй оронд бол өр л дөө