
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдөр”-өөр тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жилийн арга хэмжээг орон даяар “Хэрэгцээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба” уриан дор зохион байгуулж, шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол өнөөдөр /2026.05.04/ боллоо.
Арга хэмжээг нээж Сангийн сайд З.Мэндсайхан үг хэлж, татвар төлөгчдийн эдийн засагт оруулж буй хувь нэмэр, татварын бодлогын шинэчлэлийн шаардлага, цаашдын зорилтуудын талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр татвар төлөгчдийг улсын төсвийг бүрдүүлэгч төдийгүй Монгол Улсын хөгжлийн бодит бүтээгчид хэмээн онцолж, тэдний хөдөлмөр, хариуцлага, итгэл дээр боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ бүхэлдээ тогтож байгааг дурдсан юм.
Мөн улсын төсвийг зөвхөн тоо биш, ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэж тодорхойлж, 2025 онд улсын болон орон нутгийн төсөвт татварын орлогоор 17.6 их наяд төгрөг төвлөрсөн бол 2026 онд энэ дүн 20.0 их наяд төгрөгт хүрэхээр төлөвлөж байгааг мэдээлэв.
Сангийн сайд З.Мэндсайхан дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал хурцдаж, эдийн засгийн тодорхой бус байдал нэмэгдэж буй энэ үед Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, төсвийн орлогын баазыг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын орчныг шинэчлэх шаардлага тулгарч байгааг онцолсон юм.
Энэ хүрээнд Засгийн газар төсвийн сахилга батыг чанд мөрдөх, татварын тогтолцооны шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх, өрийн удирдлагыг хариуцлагатай ил тод байлгах, төсвийн төлөвлөлт зарцуулалтыг олон нийтэд нээлттэй ойлгомжтой тайлагнах зэрэг зарчмыг баримталж ажиллахаа мэдэгдлээ.
Мөн 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 738 төсөл арга хэмжээнд 3.2 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр баталсныг дурдсан байна.
Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах зорилгоор татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгааг хэлэв.
Аж ахуйн нэгжийн татварын хувьд 25 хувийн татвар ногдуулах босгыг 6 тэрбум төгрөгөөс 10 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, 6–10 тэрбум төгрөгийн орлогод 15 хувийн татвар ногдуулах зохицуулалт нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Мөн 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх орлогын босгыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, жижиг дунд бизнесийг дэмжих зорилготой гэв.
НӨАТ-ын тухайд суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэх, импортын барааны НӨАТ төлөх хугацааг хоёр сар хүртэл хойшлуулах боломж бүрдүүлэхээр тусгажээ.
Хувь хүний орлогын албан татварын хүрээнд сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь буцаан олгох, 1 тэрбум төгрөг хүртэлх орлогод 1 хувийн хялбаршуулсан татвар ногдуулах, мөн иргэдийн өмчилсөн орон сууц борлуулсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр төлөвлөсөн байна.
Түүнчлэн татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, тайлан засварлах хугацааг 24 сар болгон сунгах зохицуулалт хийхээр ажиллаж байгааг онцоллоо.
Сангийн сайд З.Мэндсайхан төгсгөлд нь татвар төлөгчдөд талархал илэрхийлж, Монгол Улсын хөгжилд хамтдаа илүү тогтвортой, илүү хариуцлагатай, илүү хүртээмжтэй эдийн засгийг бүтээх боломжтой гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.







