
2026 оны 05-р сарын 03-наас 2026 оны 05-р сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5…+10 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +12…+17 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.







