
Хотын даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч АТГ, ЦЕГ-т шалгуулах болсон талаар мэдээлэл өглөө.
“Т.Даваадалай миний бие Лененград хотод зүтгүүрийн инженерээр суралцан төгсөж, Австрали Улсад мэргэжил дээшлүүлэн. Монгол Улсад тэр дундаа Улаанбаатар төмөр зам хэмээх том айлд туслах машинистаар ажилд орж Монголын томоохон компаниудад инженер, төслийн менежер зэрэг албыг хашиж ирсэн билээ.
2024 онд надад завшаан олдож Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баянзүрх дүүргийн 16 мянга гаруй иргэдийн саналыг авч 2024 оны аравдугаар сараас хотын даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд томилогдож нэг жил зургаан сарын хугацаанд ажиллаад байна.
Энэ хугацаанд 16 мега төслийн 10 мега төслийг эхлүүлж Улаанбаатар хотын дэд бүтцийн төслийг хариуцан заахаас удирдах хүртэл баг хамт олноо манлайлж ирлээ.
Мэдээж улс төр гэдэг бол амаргүй ажил. 2025 оны төгсгөлөөс эхлээд хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатарын албан тушаалыг авах гэсэн, эрх мэдэлд шунасан ажил хийж үзээгүй Засгийн газрын гишүүн Э.Бат-Амгалан түүний утсан хүүхэлдэй А.Баяр тэргүүтэй нөхдүүд сүүлийн хагас жилийн хугацаанд биднийг гүтгэх ажлыг санаатай зохион байгуулж ирлээ.
Миний хувьд гүтгүүлж, зодуулж өнгөрсөн жил талбай дээр ТҮЦ эрхлэгч нарт зодуулж, энэ жил УИХ-ын гишүүнд тархиндаа хүнд гэмтэл авах хүртлээ мөргүүлж ажиллаж ирлээ. Эр хүний хувьд гомдох зүйл байхгүй.
Иргэдийн төлөөлөгчийн хувьд А.Баяр гээд залууд хэлмээр байна. 45 төлөөлөгчөөс 35 төлөөлөгч огцруулъя гэж байхад ганцаараа тамгаа авч зугтаагаад байх юм. Тийм ч учраас А.Баяр даргад хэлмээр байна “албан тушаалыг авч чаддаг, өгч чаддаг” байх хэрэгтэй шүү дээ гэж хэлмээр байна.
ЦЕГ өдөр мэдэгдэл хийж байгааг хараад гайхсан. Цаашид нэгдүгээр орлогчийн ажлаа өгч Авлигатай тэмцэх газрын дуудсан цагт нь очиж хамтарч ажиллан гэм буруугүй гэдгээ тогтоолгох болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.








