
Энэ жилийн Ялалтын парадад зэвсэгт хүчний машин техникийн цуваа оролцохгүй
ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд жил бүрийн 5-р сарын 9-нд болдог Ялалтын парадад энэ жил зэвсэгт хүчний машин техникийн цуваа оролцохгүй болсныг ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдэгджээ. ОХУ-ын Батлан хамгаалахын яам Telegram сувагтаа нийтэлсэн мэдэгдэлдээ, “Шуурхай нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жилийн цэргийн парадад Суворовын нэрэмжит сургууль, Нахимовын нэрэмжит тэнгисийн хүчний сургууль, кадетын корпусын сурагчид болон зэвсэгт хүчний машин техникийн цуваа оролцохгүйг мэдэгдье” хэмээн бичжээ.
Хамгийн сүүлд 2007 оны Ялалтын парадад байлдааны машин техникийн цуваа оролцоогүй түүхтэй аж. Telegram дахь Оросын зарим сувгууд хэдэн долоо хоногийг өмнөөс энэ жилийн Ялалтын парад товчилсон форматаар явагдана хэмээн мэдээлж байсан нь ийнхүү батлагдсан байна. Киев Оросын эрх баригчид энэ жилийн парадад машин техникийн цувааг оролцуулахгүй байх шийдвэр гаргасныг Украины дроны халдлагатай холбоотой гэж үзэж байгаа аж. Сүүлийн саруудад Киев ОХУ-ын аж үйлдвэрийн салбарын дэд бүтцүүдэд үзүүлэх цохилтуудаа эрчимжүүлээд байна.
Украины Нисгэгчгүй агаарын системүүдийн хүчний командлагч Роберт Бровди BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Украины дронууд ОХУ-ын хилээс дотогш 1500-2000 км гүн рүү орж, цохилт үзүүлж байгаа нь ОХУ-ын нутаг дэвсгэр аюулаас ангид биш болсныг илтгэж байгааг онцолжээ.








