
Гадаад орчинд үүсээд нөхцөл байдлаас үүдэн улс орнууд бүсээ чангалж буйг дагаад Монгол ч бас бүсээ чангалж байна. Төсвийн хэмнэлтийг хаана, хаана л хийхийг ерөнхий сайд дөрөвдүгээр сарын 8-нд сайд нар болоод төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгажээ. Тодотгон хэлбэл, хууль тогтоомжоор үүрэг болгоогүй л бол элдэв хурал, форум, баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, салбарын өдөр зэрэг олон нийтийн арга хэмжээг төсвийн хөрөнгөөр зохион байгуулахгүй байж, заримыг нь цахимаар зохион байгуулан зардлыг бууруулахыг даалгажээ. Ингээд Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн төсвөөс гаргах зардлыг зогсоож байгаатай холбогдуулан төв талбайд барьсан том цагаан асрыг буулгах нөхцөл бүрдэж байна. Циркийн тоглолтууд гээд тавдугаар сарын турш нийслэлийн төсвөөр зохион байгуулагдах байсан арга хэмжээнүүд цөм цуцлагдав.
Одоо талбайн асрыг буулгах уу. Буулгах бол хэдэн төгрөгөөр буулгах вэ. Буулгалаа гэхэд хаана хураах вэ гэдэг асуултад Хотын ерөнхий менежер Г.Батзоригоос хариулт авлаа.
Тэрбээр “Асрыг буулгах зардал харилцан адилгүй. Хаанаас тээвэрлээд, хаана буулгахаасаа хамаараад зардал нь өөр, өөр байдаг. Төв талбай дээрх асрыг анх 300 орчим сая төгрөгөөр барьж байсан. Өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөгөөр буулгаж байсан. Энэ жил талбай дээр барихаас өмнө Хүй долоон худаг дахь том агуулахад хадгалсан.
Уг нь бол зургаадугаар сарын 1 хүртэл том цагаан асар дотор нийслэлээс үйл ажиллагаа явуулж байгаад, СОР17 болох байршилд аваачиж барих байсан. Одоо тэгэхээр ажлын хэсэг хуралдаад, төсвөөс мөнгө гаргахгүйгээр тэнд үйл ажиллагаа явуулах ААН-үүд байгаа эсэхийг судална. Тэгээд хэзээ буулгах вэ гэдгээ тодорхой болгоно” хэмээв.
Товчхондоо бол зургаадугаар сарын 1 хүртэл ААН-үүд өөрсдийн зардлаар том асарт ийм үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа юм байна. Хэрэв тэнд үйл ажиллагаа явуулах ААН байхгүй бол талбайн асрыг буулгаж, хураах нь ээ.








