
Хавар болохоор хүмүүсийн амнаас хамгийн их сонсогддог үг бол “ядарчихлаа”. Өглөө босоход хүнд, өдөржин нойрмог, орой болохоор юу ч хиймээргүй. Гэтэл урин дулаан цаг ирж, байгаль сэргэж байхад хүн өөрөө яагаад эсрэгээрээ “унтарч” эхэлдэг юм бол?
Үүнийг улирлын шилжилттэй холбож ойлгох нь амархан. Гэхдээ сэтгэл заслын зөвлөх эмч Г.Нарантуяагийн хэлж буйгаар асуудлын ихэнх нь бидний өдөр тутмын зуршил, амьдралын хэв маягтай шууд холбоотой байдаг аж.
Тэрбээр “Хаврын ядаргаа гэдэг бол ерөнхий ойлголт. Улирал солигдох үед бие махбод дасан зохицох гэж тодорхой хэмжээний ачаалал авдаг, гэхдээ энэ нь өөрөө аюултай зүйл биш харин хүмүүсийн амьдралын хэв маяг үүнийг хүндрүүлдэг” гэдгийг онцолсон юм.
Өнөөдрийн нийгмийн нийтлэг дүр зураг бол оройн 10-11 цагийн хооронд унтах ёстой гэдгийг мэддэг хэр нь яг тэр цагт унтдаг хүн ховор. Харин ч эсрэгээрээ шөнийн 01:00, 02:00 цаг бол “жинхэнэ амьдрал эхэлдэг” үе болсон мэт.
Энэ талаар эмч Г.Нарантуяа “Хүмүүс унтах ёстой цагтаа амардаггүй. Тэр цагийг утас, дэлгэц, ажил, зарим тохиолдолд архи зэрэг ямар нэгэн донтолтод зарцуулж байна. Энэ нь ядаргааг улам нэмэгдүүлдэг” хэмээн тайлбарласан юм.
Үнэхээр тэр үед хүмүүс юу хийж байдаг вэ?
Гар утсаа ухна. Сошиал гүйлгэнэ. Кино, сериал үзнэ. Зарим нь ажлаа үргэлжлүүлнэ. Зарим нь бүр архи ууж “амарна”. Өөрөөр хэлбэл, амрах ёстой цагтаа бид биеэ улам ядрааж байдаг.
Эмчийн хэлж буйгаар ийм зан үйлүүд аажмаар донтолтын хэлбэрт шилждэг. Дэлгэцийн донтолт, архины хэт хэрэглээ, эсвэл “хэт их ажиллах” зэрэг нь бүгд бие махбодsг амрах боломжгүй байдалд оруулдаг байна. Үүнээс шалтгаалан донтох эмгэгтэй хүмүүс илүү хурдан ядардаг байх нь.
“Хүн хоол иддэгтэй адил нойр маш чухал. Гүн нойр авч байж бие махбод бүрэн сэргэдэг” гэж тэрбээр хэлсэн.
Харин гүн нойр авч чадахгүй бол юу болдог вэ?
Маргаашийг кофегоор аргална. Дараагийн өдрийг тэвчээрээр давна. Тэгээд сүүлдээ зүгээр л сульддаг.
Энэ байдал удаан үргэлжилбэл ажлын бүтээмж буурч, анхаарал төвлөрөл муудаж, сэтгэл санаа тогтворгүй болдог. Цаашлаад ажлаасаа халшрах, туйлдах эрсдэл нэмэгддэг болохыг мэргэжилтэн анхааруулж байна.
Мөн хаврын улиралд жингээ хасах зорилгоор янз бүрийн тураах бүтээгдэхүүн хэрэглэх нь нэмэгддэг. Гэвч эмчийн зүгээс үүнийг зөвлөдөггүй. “Ийм төрлийн бүтээгдэхүүн нь нойргүйдэлд нөлөөлөх магадлалтай” гэв.
Харин нойргүйдэл илэрсэн тохиолдолд хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бол дур мэдэн нойрны эм хэрэглэх явдал. “Нойргүйдэл илэрвэл заавал эмчид хандах хэрэгтэй. Дур мэдэн эм хэрэглэх нь асуудлыг улам хүндрүүлдэг” гэж Г.Нарантуяа эмч зөвлөсөн.
Түүний хэлснээр нойр авах орчныг зөв бүрдүүлэх нь ч мөн чухал. Ор дэр тухтай, өрөө нам гүм, гэрэл багатай байх нь гүн нойронд нөлөөлдөг. Гэхдээ хамгийн чухал нь унтах цагтаа унтах зуршил.
Хаврын ядаргаа гэдэг эцэстээ улирлын асуудал биш болж байна. Энэ бол бидний өөрсдийн сонголт, зуршлын үр дүн.
Магадгүй асуудал хаварт мөн таны унтах цаг дээр ч биш байх.
Харин унтахын оронд хийж байгаа зүйл
Хүн хоолгүй байж чаддаггүйтэй адил нойргүйгээр амьдрах боломжгүй.
Харин нойроо хойшлуулсаар байвал нэг л өдөр амьдрал өөрөө хойш тавигдаж эхэлдэг.
М.Солонго








