
Ирэх сараас Токиогийн Ханеда нисэх онгоцны буудлын ачаа тээшний ачигчаар хүн дүрст роботууд ажиллаж эхэлнэ
Japan Airlines компани, GMO Internet компанитай хамтран жуулчдын хэт их урсгал, хүний нөөцийн ноцтой хомсдол зэрэг асуудалтай холбоотойгоор ажилчдынхаа ажлын ачааллыг бууруулах үүднээс ирэх сараас туршилтын журмаар Хятадад үйлдвэрлэсэн хүн дүрст роботуудыг Токио хотын Ханеда олон улсын нисэх онгоцны буудалд ачаа тээшний ачигчаар ажиллуулж эхлэхээр болжээ.
БНХАУ-ын Ханьжөүд төвтэй Unitree компанийн 130 см өндөртэй хүн дүрст роботууд нь жилд 60 сая гаруй зорчигч хүлээн авдаг Ханеда нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй зорчигчдын ачаа тээш, карго зэргийг онгоцонд ачих, онгоцноос буулгах ажлыг гүйцэтгэх аж.
JAL компанийн Газрын үйлчилгээ хариуцсан ерөнхийлөгч Ёошитэрү Сүзүкигийн мэдэгдсэнээр хүн дүрст роботуудаар биеийн хүч шаардсан ажлуудыг хийлгэж, харин аюулгүй ажиллагаатай холбоотой ажлуудыг хүмүүс үргэлжлүүлэн гүйцэтгэх юм байна. Хүн дүрст роботууд нь 2-3 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай бөгөөд JAL компани тэдгээр роботуудаар онгоцны бүхээг цэвэрлүүлэх зэргээр өөр бусад ажлыг хийлгэхээр төлөвлөжээ.







