
Хаврын кино ертөнц хүчтэй нэг нүүдлээр амьсгалж эхэллээ. “Зэв” фильмийн залуу уран бүтээлчдийн шинэ бүтээл болох “МАД” уран сайхны кино энэ сарын 24-нөөс эхлэн дэлгэцнээ гарч, үзэгчдийн анхаарлыг татаж, бодолд автуулах урилга шидэж байна. Адал явдалт төрлөөр бүтээгдсэн ч өнгөн дээрх өрнөлөөсөө илүүтэй нийгмийн сүүдэр, хүний дотоод зөрчлийг ухан гаргасан нь мэдрэгдэнэ.
Улаан хивсний ёслол гэхээр нүд гялбам гэрэл, олны шуугиан төсөөлөгддөг.
Харин “МАД”-ын нээлт эсрэгээрээ нам гүм, бараг л бодролын орчинд болсон. Кино баг, жүжигчдийн ойр дотнынхон цугласан тэр үдэш баяр гэхээсээ илүү “хамт мэдрэх” уур амьсгал давамгайлж байв. Магадгүй энэ бүтээлийн өнгө аяс өөрөө ийм учраас тэр биз.
Амьдрал бол “өрөг”
“Энэ өрөг дээр би түрүүлээд мад тавьчихлаа. Харин амьдрал дээр чи надаас түрүүлээд нүүдлээ харсан байна…”
Киноны гол санааг зангидсан энэ өгүүлбэр диалог гэхээс илүүтэй бүхэл бүтээлийн философи байв. Хэн нэг нь яллаа гэж бодож байхад нөгөө нь аль хэдийн бүхнийг харчихсан байх тэр мэдрэмж… Үзэгчдийг ч бас яг тэр байрлалд аваачиж орхино.
“Чи намайг сохорсон гэж бодож байна уу? Би одоо бүгдийг харж байна…” гэх үгс дүрийн дотоод тэмцэл төдийгүй нийгмийн үл үзэгдэх давхаргыг ил гаргах мэт. Нэг сум, нэг шийдвэрийн ард “зөв хүнээ онилсон уу?” гэх асуулт зайлшгүй дагалдана.
Харанхуйд өрнөх дүр зураг
Киноны зураг авалтын ихэнх хэсэг шөнө, намрын хүйтэн улиралд хийгдсэн нь уур амьсгалд шууд нөлөөлжээ. Харанхуй орчин, хүйтэн өнгө, нам гүм кадрууд нь өнөөгийн нийгмийн сүүдэр талыг илэрхийлж, үзэгчдэд асуултын тэмдэг үлдээж яг юу болох бол, энэ үйл явдлаар юуг илэрхийлэх гэж байгаа бол хэмээх олон асуулт бас асуудалтай үлдээж, аз жаргалтай л төгсөөсэй биш энэ асуудал бидний одоогийн нийгэмд ч байгаа даа, энэ кинонд ч тэр бодит амьдрал дээр ч тэр асуудал шийдэгдээсэй гэх мэдрэмж рүү хөтөлнө.
“МАД”-ын хамгийн онцлог шийдлүүдийн нэг бол хотыг өөрийг нь “дүр” болгон харуулсан явдал. Харанхуй гудамж, орон сууцны хороолол, ялгаралтай нийгмийн давхаргууд энэ бүхэн нийлээд нэгэн амьд организм мэт “удирдагчдын хот”, “ажилчдын хот”, “шинэ хот” гэх ялгарал тод мэдрэгдэнэ. Дээр суугсад хамгийн сайныг хэрэглэж, доорх хүмүүс тэдний амьдралыг “бэлдэж” байдаг энэ бүтэц үзэгчдэд танил санагдах нь гарцаагүй.




Мөнгө олсон ч амьдрал өөрчлөгдөхгүй, харин дон зуршлын золиос болж хувирдаг бодит дүр зураг ч кинонд тусгалаа олжээ. Энэ нь “МАД”-ыг зохиомол түүх, эсвэл аль хэдийн зохиогдсон хүн бүхний мэдэх уран зохиолын номын зохиол биш бидний л мэдэх бодит амьдралын тусгал болгож байна.
Мэдрэмжийг хүчлэхгүйгээр
Киноны нэг онцлог нь үзэгчийг “албадаж” мэдрүүлэхгүйд оршино. Хөгжим, зураглал хоёр нь аажмаар уусаж, уур амьсгалыг зузаатгана. Хэт драматик, нулимс шахсан хэсгүүд бараг үгүй.
Харин ч эсрэгээрээ чимээгүй, даруухан өгүүлэмж дунд мэдрэмж өөрөө төрнө. Үзэгч уйлах эсэхээ өөрөө шийднэ. Кино зөвхөн замыг нь л гаргаж өгнө.
Гэрэл рүү тэмүүлэх найдвар
Хэдийгээр бүтээл бүхэлдээ харанхуй өнгөөр өрнөх ч төгсгөл нь өөр мэдрэмж үлдээнэ. Киноны сүүлийн зураг авалтыг гэгээтэй өдөр хийсэн нь санаатай шийдэл байв.
Гол дүр Үжин тагтаа тэжээдэг бөгөөд төгсгөлд нь торноос нь гаргах хэсэг нь эрх чөлөө, сонголтын бэлгэдэл болон үлдэнэ.
“Хүүдээ ийм амьдрал үзүүлсэнд уучлаарай…” гэх харамсалтай үгсийн дараа шувуу тэнгэр өөд дүүлэн нисэх нь харанхуй санагдах амьдралд ч гарц байж болохыг сануулна.
Дөрвөн жилийн хөдөлмөр нэг өрөг
“МАД” кино дөрвөн жилийн хугацаанд бүтсэн нь нягтрал, утга санаанд нь шингэжээ. Эхэндээ ойлгомжгүй санагдах үйл явдлууд төгсгөлдөө нэг нэгээрээ тайлагдаж, үзэгчийн толгойд байсан асуултууд аажмаар хариултаа олж эхэлнэ.
Гэхдээ энэ кино бүхнийг шууд тайлбарлахгүй. Зарим хариултыг үзэгч өөрөө олох ёстой. Магадгүй энэ нь киноны хамгийн том онцлог байлаа.
Амьдрал бол өрөг. Хэн нэгэн нүүдэл хийж, хэн нэгэн “мад” тавина. Гэхдээ бид өөрсдөө аль талд нь явж байгаагаа тэр бүр мэддэггүй.
“МАД” танд асуулт үлдээнэ. Хариултыг нь та өөрөө олох хэрэгтэй.
М.Солонго









