
Instagram, Facebook, WhatsApp зэрэг платформуудыг эзэмшдэг Meta компани ажилчдынхаа 10 орчим хувийг буюу 8000 гаруй ажилчдаа цомхотгохоор болсноо зарлажээ. BBC агентлагийн мэдээлснээр энэхүү шийдвэр нь Meta компанийн бусад салбарт тэр дундаа хиймэл оюун ухааны технологийн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүсэл сонирхолтой нь холбоотой аж. Түүнээс гадна Meta компанийн зүгээс сул байсан 6000 орчим ажлын байрыг хаажээ.
Ажилчдадаа илгээсэн мэдэгдэлдээ Meta компанийн Хүний нөөцийн албаны захирал Жанель Гейл хиймэл ухааны салбарыг дурдаагүй ч ажлын байрны цомхотгол нь тус компанид өөр бусад салбарт оруулах хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхэд тусална хэмээн бичсэн байжээ.
2026 онд Meta хиймэл оюун ухааны салбарт 135 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн ба энэ нь тус компанийн сүүлийн 3 жилд AI-д оруулсан хөрөнгө оруулалтыг хооронд нь нэмсэнтэй тэнцэх аж.
2026 он гарснаас хойш Meta компани 2000 ажлын байрыг цомхотгожээ.
Meta компаниас гадна Microsoft компани олон жил ажилласан ажилчдадаа нөхөн олговортойгоор сайн дураараа халагдахыг санал болгох аж. Financial Times сонинд бичсэнээр Microsoft компанийн ажлын байрны уг цомхотголд нас болон ажилласан жилийн нийлбэр нь 70-аас дээш жил болсон ажилчид хамрагдах ба уг шалгуурт тус компанийн нийт ажилчдын 7 орчим хувь буюу 8000 ажилчин тохирч байгаа аж.
The Guardian сайтад бичсэнээр Microsoft компани хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд 100 тэрбум орчим ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
2025 он гарснаас хойш Amazon, Oracle зэрэг технологийн бусад том компаниуд олон мянган ажлын байруудаа цомхотгохын зэрэгцээ хиймэл оюун ухаанд оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ.
Эх сурвалж: BBC








