
Өөрчлөгдсөн төрх, өөрчлөгдсөн мэдрэмж
Нэгэн цагт гэнэн, ичимхий Сампилын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Ц.Ганзориг өдгөө тэс өөр дүр төрхийг бүтээж, дэлгэцнээ гарч буй билээ.
Сүүлийн үеийн зураг, постеруудаас харахад түүний харц ширүүсэж, төрх нь илүү цэгцэрч, бүр зарим үзэгчид “Алладин”-ы Жафарыг санагдуулам болсон хэмээн хошигнох нь бий.
Гэвч энэ өөрчлөлтийг зөвхөн гаднах имижийн шинэчлэл гэж харах нь учир дутагдалтай. Харин ч олон жилийн туршид аажмаар бүрэлдсэн, дотоодоос эхэлсэн хувьсал гэж хэлэх нь илүү оновчтой.
“Овжин охид”-ын Сампил төгс байгаагүй ч үнэн байсан
Жүжигчин Ц.Ганзоригийн уран бүтээлийн эхлэл инээдмийн төрөлтэй салшгүй холбоотой. Тэр дундаа “Овжин охид” киноны Сампилын дүр түүнийг олонд таниулж, нэрийн хуудас нь болсон.
Тэрбээр тухайн үед “сайн тоглоогүй” хэмээн даруухнаар дүгнэдэг ч үзэгчид өөрөөр хүлээж авсан. Учир нь Сампил бол хиймэл дүр биш бодит мэдрэмжийн илэрхийлэл байв. Зураг авалтын үеэр жинхэнээсээ ичих, сандрах тэр мэдрэмжүүд нь дэлгэцээр шууд дамжиж, дүрийг амьд болгосон.
Тиймээс Сампил төгс байгаагүй ч үнэн байсан. Харин тэр “үнэн” чанар нь үзэгчдэд хүрсэн.
Биеийн өөрчлөлтөөс дүрийн сонголт хүртэл
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Ц.Ганзориг өөрийгөө шинэ шатанд гаргахаар шийдсэн нь илт. Нэгэн үеийн илүү “зөөлөн” төрхөөс татгалзаж, бие бялдраа хөгжүүлэхэд анхаарснаар түүний гадаад төрх эрс өөрчлөгджээ.
Фитнесээр тууштай хичээллэж, бодибилдингийн тэмцээнд хүртэл оролцсон нь энэ өөрчлөлт ямар нэг кинонд зориулж, дүр бүтээх гэж биш эрүүл чийрэг, бие бялдартаа анхаардаг болсон гэдгийг харуулна. Харин үүнийг дагаад түүнд ирэх дүрүүдийн чанар, өнгө ч өөрчлөгдсөн байна.
Инээдмийн энгийн дүрүүдээс илүүтэй, сэтгэлзүйн, дотоод зөрчилтэй, эсрэг талын дүрүүд санал болгох болжээ. Гэхдээ тэр бүхэнд оролцоогүй. Харин өөрт нийцэх, чанартай бүтээлийг сонгож ажиллахыг илүүд үзэх болсон нь хувь хүний төлөвшлөөс гадна уран бүтээлийн төлөвшлийг илтгэнэ.
Өөрийн орон зайг бүтээхүй
Сүүлийн жилүүдэд тэр зөвхөн жүжигчний дүрээр дурсагдахыг хүсээгүй бололтой, жүжигчин Э.Алдартай Хамтран “Ai production”-ыг байгуулж, бие даасан уран бүтээлийн орон зайгаа бүрдүүлсэн нь үүний тод жишээ болж байгаа юм.
Тэдний хийсэн “Тэг цэг үйлдэл” кино нь шинжлэх ухааны уран зөгнөлт төрлөөр бүтээгдсэн нь Монголын кино урлагт харьцангуй шинэ оролдлого байв. Энэ нь түүнийг дүр бүтээх, бүтээлийн агуулга, хэлбэр дээр ч эрэл хайгуул хийж буйг илтгэж байна.
“МАД” Шинэ дүрийн босгон дээр
Энэ хаврын онцлох бүтээлүүдийн нэг болох “МАД” уран сайхны кино тун удахгүй үзэгчдэд хүрэх гэж байна. Уг бүтээлд Ц.Ганзоригийн бүтээсэн дүр аль хэдийн анхаарал татаж эхэлжээ.
Постер, зураг авалтаас харахад түүний дүр илүү бараан өнгө аяс, төвлөрсөн энерги, дотоод зөрчил агуулсан шинжтэй болсон нь тодорхой. Хар өнгийн стили, ширүүн харц, нарийн деталь бүхий төрх нь түүнийг өмнөхөөс нь огт өөр түвшинд аваачжээ.
Зарим үзэгчид түүнийг Жафартай зүйрлэж байгаа нь ч санамсаргүй хэрэг биш. Учир нь ийм төрлийн дүрүүд энгийн “муу тал” бус олон давхар сэтгэлзүй, хүчтэй зан чанарыг илэрхийлдэг.
Тасралтгүй эрэл
Ц.Ганзориг хэзээ ч нэг хэвэнд тогтож байгаагүй. Хошин урлагаас эхэлж, кино руу шилжиж, арын албанд ажиллаж, дараа нь дахин дэлгэцийн өмнө гарч ирсэн.
Энэ бүхэн санамсаргүй байгаагүй л болов уу. Харин байнгын эрэл, өөрийгөө шинэчлэх хүсэл тэмүүллийн үр дүн биз.
Өөрөө ч хэлсэн байдаг түүний амьдрал үргэлж эрэл хайгуул дунд өнгөрсөн гэж.
Магадгүй энэ л эрэл хайгуул түүнийг Сампилын гэнэн дүрээс өнөөдрийн илүү төвлөрсөн, хүчтэй дүр төрх рүү хөтөлсөн биз ээ.
Цаашид тэр ямар дүрээр үзэгчидтэй уулзах нь сонирхол татсан хэвээр байна.
М.Солонго
























