
Монголын уламжлалт урлалын нэгэн сонин, гүн утгатай хэлбэрийг амилуулж яваа хүн бол Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол Улсын 19834 дэх биет бус өвлөн тээгч Б.Тунгалаг. Тэрбээр адууны дэл, сүүлээр “амьд утас” урлаж, түүгээрээ зүү ороон бүтээл туурвидаг онцгой арга барилаа сүүлийн зургаан жилийн турш тууштай хөгжүүлсээр иржээ.
Эхэндээ энгийн утсаар зүү ороодог байсан ч “Үүнийг яаж илүү монгол болгох вэ” гэсэн бодлыг олон жилийн турш дотроо бодож тунгааж ирж. Эцэст нь нэг өдөр есөн хөлт цагаан сүлдэнд очиж хүслээ шивнэчихээд, урландаа цонхоор харан үлэмжийн чанар сонсож өмнөх бүтээлийнхээ тумбаашийг нээх агшинд “амьд утас гэдэг нь өөрөө адууны дэл, сүүл юм байна” гэдгийг олж үгээр хэлэхийн аргагүй баярлан үсрэн, дэвхцэж байсан гэдэг.
Тэр үеэс хойш урлал нь зүгээр нэг хийц биш, утга агуулга, дотоод мэдрэмж дагуулсан үндэсний өв соёлыг тээсэн үнэт бүтээл болж өөрчлөгджээ.


Махан хоолноос татгалзана.
Амьсгалаа анзаарч, дотоодоо намжаана.
Бодлоо цэгцэлж, үгээ хүртэл танана.
Түүний хувьд нутаг нутгийн эрчим энергийг шингээсэн адууны дэл өөрөө амьд зүйл учир амьсгалж буй агаараа ч ариун байлгаж, бодол оюунаа цэгцлэн үйлдэл бүртээ сэтгэлээ шингээн урлаж буй нь энэ. Зөвхөн өөрийн үйлдлээр дуусахгүй орчин тойрноо ч бүрдүүлж эрчис, энерги шингэсэн ариун газруудын салхийг мөн бүтээлдээ шингээж өгдөг учиг нь түүний бүтээлийн үнэ цэн, монголын үнэртэй бүтээл гэх тодотголд нийцэж буйг харуулна.


Өөрийн хийсэн морины бүтээлийн нүдийг нь молор эрдэнэ хэмээх тунгалаг чулуугаар, туурайг нь бодит туурайн хэсгээр нэг бүрчлэн нийлүүлж, адууны дэл сүүлээр зүү ороон бүтээдэг.
Өөрийн хэмжээнд эхлүүлсэн энэхүү хүсэл нь энэ жил дэлхийн адууны өдрийг Монголд тэмдэглэхтэй холбогдуулан 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн эмэгтэйчүүдийг хамарсан “Их нэгдэл” төсөл болон үргэлжилж байна. Энэ хүрээнд 999 эмэгтэй нэгэн зорилгын дор нэгдэж, адууны дэл, сүүлээр зүү ороох аргаар адууны тамга урлах ажлыг эхлүүлжээ.
“Эцэг өвгөд минь эрт дээр үеэс “хөх зүү хөндлөн барьж чаддаггүй” гэж шүүмжилдэг байсан нь цаанаа л учигтай. Үйл бүтээе гээд суухад цаанаа л оюун бодол цэгцэрч, эмэгтэй хүн нуруу тэгш сууж, өлмий газар оршихоос эхлээд их зүйлийг сурдаг юм”
Б.Тунгалаг эмэгтэйн амьсгал бүртээ анхаарч, цаашид хэрхэн монголоо бүтээлдээ шингээх үү гэх хүсэл нь үйл хэрэг болон үргэлжилж буй учгийг эрхэм уншигч та бүхэн тунгаасан биз ээ.











