
УИХ-ын дарга С.Бямбацогтын ширээн дээр дахин нэг маргаан дагуулах хуулийн төсөл ирлээ.
Уг төслийг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир өргөн мэдүүлсэн бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай юм.
Гэвч энэ нь жирийн нэг “техникийн засвар” биш. Харин ч сонгуулийн сурталчилгааны хил хязгаарыг бүдгэрүүлж, албан ёсны кампанит ажлыг эхлэхээс өмнө “сүүдрийн сурталчилгаа” хийх боломжийг хуульчлах алхам гэж харагдаж байна.
2025 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн.
Тодруулбал:
- Нэр дэвшүүлэхээс өмнө гишүүд “ажлын тайлан” тараах
- Сонгогчидтой уулзалт хийхийг сурталчилгаа биш гэж үзэх, эдгээр нь бодит байдал дээр сонгуульд оролцогчдын хооронд тэгш бус нөхцөл бий болгож байна гэж үзсэн.
Үүний дараа Монгол Улсын Их Хурал 2025 онд дээрх заалтыг хүчингүй болгож, хуулийн цоорхойг хаах алхам хийсэн билээ.
Гэтэл шинэ төсөл яг энэ логикийг өөр нэр томьёо, өөр хүрээтэйгээр дахин оруулж ирж буй нь анхаарал татаж байна.
“Гишүүн” – “аливаа этгээд”: Үг солигдсон ч утга өөрчлөгдсөн үү?
Д.Бум-Очир гишүүний санаачилсан уг хуулийн төслийн гол өөрчлөлт нь,
- “Орон нутгийн Хурлын төлөөлөгч” гэснийг “аливаа этгээд” болгон өөрчилж,
- нэр дэвшүүлэхээс өмнө хийсэн тайлан, уулзалтыг сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй гэж үзэх.
Энэ нь гаднаа бол илүү өргөн, илүү тэгш боломж олгож буй мэт боловч дотоод утгаараа улс төрд оролцох сонирхолтой хэн бүхэн санхүү, нөлөө бүхий бүлгүүд одоогийн албан тушаалтнууд сонгуулийн албан ёсны хугацаанаас өмнө өөрийгөө сурталчлах боломжийг нээлттэй болгох юм.
Өөрөөр хэлбэл, “давуу эрхийг болиулж байна” гэж тайлбарлаж байгаа ч бодит байдал дээр давуу эрхийг бүх хүнд тарааж өгч байна гэсэн үг.
“Тайлан” ба “сурталчилгаа” хоёрын зааг алдагдах эрсдэл
Онолын хувьд:
– Тайлан бол хийсэн ажлаа танилцуулах
– Сурталчилгаа бол санал татах алхам
Гэвч Монголын улс төрийн практикт энэ хоёрын зааг аль хэдийн бүдгэрсэн.
“Ажлын тайлан” нэрийн дор амжилтаа хэт дөвийлгөх, өрсөлдөгчөө шууд бус шүүмжлэх, иргэдэд сэтгэл зүйн нөлөөлөл үзүүлэх явдал түгээмэл.
Хэрэв энэ төслийг УИХ баталбал сурталчилгаа албан ёсоор эхлэхээс өмнө сонгуулийн уур амьсгал бүрэн эхэлнэ.
Энд хамгийн том эрсдэл нь “эрх тэгш байдал” биш, харин илүү их мөнгөтэй нь илүү олон “тайлан” тараана, илүү олон уулзалт зохион байгуулна. Илүү их сүлжээтэй нь илүү өргөн хүрээнд хүрнэ.
Ингэснээр сонгууль эхлэхээс өмнө ялалт, ялагдлын суурь аль хэдийн тавигдах нөхцөл бүрдэнэ.
Төсөл санаачлагчийн байр суурь vs бодит эрсдэл
Төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Бум-Очир хэлэхдээ, “Үндсэн хуулийн “эрх тэгш” зарчмыг хангана
Албан тушаалаар ялгаварлахгүй” гэж буй. Гэвч бодит байдал дээрээ тэгш боломж гэдэг нь “хүн бүр сурталчилгаа хийх боломжтой байх” уу? эсвэл “хүн бүр ижил нөхцөлд өрсөлдөх” орчин бүрдүүлэх үү?








