
Хэдхэн хоногийн өмнө Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ахмадуудад 3 жилийн хугацаатай, хүүгүйгээр 15 сая хүртэлх төгрөгийн зээл олгож буй” тухай ярьснаар олон нийтийн сүлжээнд энэ зээлийн талаар тодорхойгүй олон таамаг өрнөсөн.
Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржаны өгсөн тайлбараар уг зээл нь шинээр батлагдсан хууль, журам, шийдвэр бус, харин 2012 оноос хэрэгжиж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгогдож ирсэн санхүүгийн дэмжлэгийн нэг хэлбэр аж.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан: “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэхүү хөтөлбөр нь зөвхөн ахмад настанд чиглээгүй бөгөөд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчдыг хамарсан өргөн хүрээтэй байдаг. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд 10-15 сая төгрөгийн барьцаагүй, хүүгүй, гурван жилийн хугацаатай санхүүгийн дэмжлэг олгодог. Ахмад настанд дээд тал нь 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг бол малжуулах хөтөлбөрийн хүрээнд найман сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төсөлд суурилсан дэмжлэг олгож байна.
Өнгөрсөн онд нийт 36 тэрбум төгрөгийг 4484 иргэнд олгосноос 1300 орчим нь шинээр ажлын байр бий болгож, 3347 иргэн ажлын байраа хадгалжээ. Ялангуяа бичил бизнес эрхлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор энэ төрлийн дэмжлэгт идэвхтэй хамрагддаг байна.
Төслүүдийг шалгаруулахдаа зөвхөн төрийн байгууллага бус, орон нутгийн захиргаа, иргэдийн төлөөлөл, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн төлөөллөөс бүрдсэн комисс үнэлгээ хийдэг аж.
Энэ жилийн хувьд уг хөтөлбөрт нийт 17 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд үүнээс ахмадуудад найман тэрбум, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таван тэрбум, малжуулах хөтөлбөрт мөн найман тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ. Малжуулах хөтөлбөр нь ялангуяа цөөн малтай болон залуу малчин өрхийг дэмжих зорилготой юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 97 тэрбум төгрөгийг иргэдэд олгосон байна. Харин 2016 оноос өмнө уг зээлийг эргэн төлөх шаардлага сул байсан бол түүнээс хойш эргэн төлөх нөхцөлийг сайжруулж, иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлжээ.
Ахмад настанд олгож буй зээлийг 36 сарын хугацаанд тэнцүү хуваан сар бүр төлүүлэх нөхцөлтэй бол бусад иргэдийн хувьд эхний хоёр жилд бага, сүүлийн жилд илүү төлөх уян хатан нөхцөлийг гэрээгээр тохирдог байна.
Хөтөлбөрт хамрагдах иргэд төсөл боловсруулан оролцох шаардлагатай бөгөөд тавдугаар сарын 01-нээс эхлэн тэтгэвэр, нийгмийн даатгал, хорооны тодорхойлолтыг цахимаар авах боломжтой болно” гэлээ.
Түүнчлэн энэ онд мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч, зөвхөн мэдээлэлд ойр иргэд бус, илүү өргөн хүрээний хүмүүст хөтөлбөрийн талаар ойлголт өгч, бизнес эхлүүлэх, өргөжүүлэх боломжийг тэгш хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж.
М.Солонго








